МГТИС-ийн хотхоны өргөтгөлийн төслийн Удирдах хороо тайлан, төлөвлөгөөгөө хэлэлцлээ

2021-12-22 783 2

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) хотхоны өргөтгөл болох сургалт судалгааны барилгын төслийг хариуцсан Удирдах хороо 2021 оны ажлын тайлангаа дүгнэн, 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд зохион байгууллаа.

Удирдах хорооны гишүүд болох Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ),  Германы Сэргээн босголт, хөгжлийн банк (KfW), Германы эрдмийн солилцооны алба (DAAD), GITEC төсөл болон МГТИС-ийн удирдлагууд тус уулзалтад оролцож, холбогдох асуудлыг хэлэлцсэн юм. Ингэхдээ сургалт судалгааны барилгын ажил, лабораторийн багаж, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, засвар үйлчилгээ болон тэдгээрийн хэвийн ажиллагааг хангахад чиглэгдсэн сургалтуудыг шат дараалалтайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

МГТИС-ийн хотхоны өргөтгөлийн энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улсын уул уурхай, эрдэс боловсруулалт, аж үйлдвэрлэлийн салбаруудын хөгжилд нэн шаардлагатай чадварлаг инженерийн мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэх, эрэлт хэрэгцээтэй байгаа шинжлэх ухааны судалгаа, инновацыг хөгжүүлэх, нутагшуулахад төдийгүй Монголын их, дээд сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг БШУЯ-ны удирдлагууд энэ үеэр онцлон дурдлаа.

Дашрамд дурдахад, МГТИС нь дээрх төслийн хүрээнд 4,900 м.кв талбайтай иж бүрэн тоног төхөөрөмжтэй сургалт, туршилт, судалгааны 7 лаборатори, анги танхим болон 800 м.кв талбайтай номын сан, лекцийн танхим бүхий хичээлийн байрыг 2024 он гэхэд бүрэн ашиглалтад оруулах юм.

 

 

Холбоотой мэдээ