Зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даасан уран бүтээл “ЭТГЭЭД” УСК кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Тэгсэн хэдий ч тус киног зорин үзэх үзэгчдийн цуваа тасрахгүй байгаа бөгөөд, зарим нь хоёр, гурав дахиа үзэх гэж байгаагаа цахим хуудсандаа хуваалцсан байв. “ЭТГЭЭД” УСК-ны талаар мэргэжлийнхэн олон талын шүүмж, сэтгэгдлээ бичсэн нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаад байна. Тухайлбал, энэхүү кино нь яг “кино” гэсэн категорид яв цав нийцэж байгаа бөгөөд зохиол, зураг авалт, найруулга, өнгө будаг, жүжигчдийн тоглолт бүгд нийлээд нэг том “супер” ансамбль болж чадсаныг тэд онцолжээ. Мөн “тус киноны уран бүтээлчид бусдаас хэд дахин илүү тархиа ажиллуулж, бүх Монгол кино муу гэсэн бодлыг бүрэн устгаж чадлаа” хэмээн бичжээ. Үүнээс гадна “яг л гадаад уран бүтээл үзэж байгаа мэт зураг авалт, өнгөний тоглолт зэрэг нь этгээд мэдрэмжийг яах аргагүй төрүүлж чадлаа” гэсэн байв. Эдгээрээс хамгийн гол илэрхийлж байгаа санаа нь “яг энэ “ЭТГЭЭД” шиг урлаад байвал Монгол киногоо үзээд байхаас яахав, өөрөөр хэлбэл бид нэг шат ахиж байна” гэж дүгнэж байгаа нь энэхүү уран бүтээлийг ямар түвшинд хийгдсэнийг харуулж байгаа хэрэг юм.
Сүүлийн үед Монгол уран бүтээлчид маань олон төрөл, жанраар кино хийж, кино театр болон, iptv-р дамжуулан үзэгчдэд хүргэх болсон. Тэгвэл эдгээрээс яг кино театрт л гарах ёстой, харин үзэгчид заавал зорьж үзэх хэрэгтэй гэсэн ангилал үүсээд байна. Харин зураглаач, найруулагч Б.Баатарын бүтээл “ЭТГЭЭД” УСК нь кино театрт үзэх ёстой бүтээл яах аргагүй мөн ажээ.
0 cэтгэгдэлтэй