З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Мөнгөтэй ч “мэдэхгүй, чадахгүйн” гаслан

2023-02-14 879 6

Мөнгөтэй байгаад ч мэдэхгүй, чадахгүйн зовлонд унасан газар бол хүүхэд хамгааллын салбар. Хүн амын гуравны нэгийг эзэлдэг хүүхдийн эрхийг хангаж, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хэзээ мөдгүй 100 жилээ угтах гэж буй хүүхдийн байгууллагын суурин дээр үүссэн түүхтэй.

Гэвч сүүлийн 4-5 жил үйл ажиллагаа нь илт доголдож, бодлого хэрэгжүүлдэг биш татвар төлөгчдийн мөнгийг үргүй зардаг болсон нь нууц биш. Зардал нь данхайсан ч, ажил нь ухарчээ. Энэ чигээрээ дахиад сажилахад л үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг 100 жилээ үзэж чадалгүй сөхөрч унах нь, энэ салбар.

ХНХЯ дээр боловсруулж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тун таагүй зүйлсийг онцолсон байх юм. Гэмт хэргийн улмаас 2021 онд 1365 хүүхэд хохирсноос 56 нь нас барсан гэж цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Харин бэлгийн хүчирхийлэлд 345 хүүхэд өртсөнөөс 70 орчим хувь нь ураг төрлийн хамааралтай этгээдүүдийн зүй бус үйлдлийн золиос болж, насан турш шаналж амьдрахад хүрэв. Аймшигтай нь эдгээр үзүүлэлт 2022 онд ч улам өссөн үзүүлэлттэй байгааг цагдаагийн байгууллагын статистикаас харж болно. Ялангуяа Ковид-19 цар тахлын нөхцөлд хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийн давтамж нэмэгдэж, улам өр өвтгөм, харгис хэрцгийгээр үйлдэгдэх боллоо.

Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш энэ салбарт зарцуулах татвар төлөгчдийн мөнгийг 9-10 дахин нэмэгдүүлсэн. Тодруулбал,

2017 онд ₮900.1 сая байсныг

2018 онд ₮6.4 тэрбум

2019 онд ₮7.6 тэрбум

2020 онд ₮6.4 тэрбум

2021 онд ₮8.4 тэрбум гэж нэмэгдүүлсэн ч хүчирхийлэлд өртсөн, өртөх өндөр эрсдэлтэй хүүхдэд хамгааллын үйлчилгээг бүрэн гүйцэт хүргэж чадахгүй, кейс менежментийг бүтэн зургаар нь төлөвлөж хэрэгжүүлж чадахгүй байгааг хуулийн шинэчилсэн найруулгад онцолжээ.

Хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжилтийг зохицуулах үүрэгтэй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн байгууллагыг улс төрийн томилгоотой, мэргэжлийн бус, чадваргүй хүмүүс удирдах болсон гэж тус салбарын иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна. 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталснаас хойш О.Алтансүх тэргүүтэй тус агентлагийн удирдлагуудын үйл хэрэг тус салбарт гэрэл асааж, итгэл өгч байсан билээ. Хүүхэд хамгааллын зардлыг 2018 оны төсөвт УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын дэмжлэгтэйгээр 900 саяас 6.4 тэрбум төгрөг болтол нь нэмэгдүүлж, хамтарсан багуудыг “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” зэрэг мэргэшсэн иргэний нийгэм, УЕП-ын Сургалт, судалгааны төв гээд хууль шүүхийн байгууллагын оролцоотойгоор идэвхтэй чадавхжуулж, хэвлэл мэдээллийн салбарынхантай ч ойр ажилладаг байв. Тухайлбал, 2018 онд Өдөр тутмын сонинуудын холбооны нэгдсэн чуулган дээр хүүхэд хамгааллыг хамгийн чухал 10 сэдвийн нэгээр нэрлэж, өдөр тутмын бүх сонинууд хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулахад дуу хоолойгоо нэгтгэж байсан гээд сайхан цаг бий.

Харамсалтай нь, 2019 онд тус байгууллагын даргаар хөдөө аж ахуйн салбарын гаралтай М.Энх-Амар, 2021 онд МАН-ын улс төрийн аппаратаар “хүмүүжсэн” Г.Батдорж нар ажилласан үеэс хүүхэд хамгааллын салбарын доодчууд нь учраа олохгүй, дээдчүүд нь ажлаа ойлгохгүй явж байна.

Жилд 8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа хүүхэд хамгааллын төсвөөс хэчнээн хүүхдийг эрсдэлт нөхцөл байгааг тогтоож, хэдэн хүүхдийг эрдэлээс хамгаалж, хэдэд нь нөхөн сэргээх болон нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд зарцуулсан бол? Хүүхэд хамгааллын зардлыг үр дүнгүй зарцуулж буйг Үндэсний аудитын газраас тогтоож, Авлигатай тэмцэх газарт тус байгууллагын нэр бүхий өндөр албан тушаалтнууд авлига, албан тушаалаа урвуулан ашигласан шалтгаанаар шалгагдаж, төрийн хамгаалалтад хүүхэд хүчирхийлэлд өртсөн зэрэг ноцтой зөрчлүүд, аймшигтай зүйлс энэ салбарт болж байна.

Чонын амнаас гараад барын аманд гэдэг шиг хүүхдийн салбар мөнгөтэй болсон ч тэр нь салбарыг хөгжүүлэх биш сөхрүүлэх ивээс болоод байгаа юм биш биз?

Үргэлжлэл бий…

  • Хүүхдийн салбар сүүлийн хэдэн жил уналтанд орсон нь нууц биш шүү. Зардал нэмэгдсэн нь ахиц дэвшил алга

  • Газар хэлтсийн дарга нар нь намын томилгоотой мэргэжлийн бус сэтгэлгүй хүмүүс, хамгааллын тогтолцооны учраа ч ойлгохгүй зөвхөн соошилд хэлбэр хөөсөн хүмүүс ажлыг анхан шатанд унагаж байна. Хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд холбогдсон гэмт хэрэг зөрчилд ямар үйлчилгээ үзүүлэхээ ч мэдэхгүй миний чиний ажил гээд л түлхэлцээд байж бна ш дээ. Удирдуулж бгаа алба хаагчид нь таван төгрөгний цалингаасаа хагацахгүйн тулд хэлээ хазаад л өнгөрөөж байгаа шүү

Холбоотой мэдээ