Болдогсон бол Боловсролын сайд асан Л.Гантөмөрт Л.Цэдэвсүрэнгийн үүрэгт ажлыг хүлээлгэж өгөхсөн. Эсвэл боловсролын салбарт бугшсан бугуудтай үзэлцсэн Ц.Цогзолмаа сайд асанг ч юм уу.
Даанч У.Хүрэлсүхийн “татгалзсан” энэ Засгийн газрынханд юун АН-ын Л.Гантөмөр, юун УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа л даа. Угаасаа ч үе үеийн сайдын суудал горилогчдын арааны шүлсийг асгаруулдаг хэд хэдэн салбар байдгийн нэг нь Боловсролын сайдын сэнтий. Сурагч, оюутан, багш нарын эрх ашгийн төлөө гэхээсээ урьтаж, хувь, хувьсгалын их дээд сургууль нээх эрх, төлбөрийн тогтолцоо, сурах бичгийн тендэр, шагнал урамшуулал, олон улсын төсөл хөтөлбөр, хандив тусламж эргэлдэж байдаг энэ салбарт сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэн ажлаа авснаасаа хойш бариад авчих жинтэйхэн ажил хийсэнгүй, өнөөдрийг хүрэв. Коронагаас улбаатай хичээл завсардалт хот, хөдөөгийн сурагчдыг нөмөрч, танхимын төдийгүй теле хичээлийн чанарт анхаарах зайлшгүй шаардлага үүссэнийг эцэг эх, багш нар байнга сануулж байгаа. Тэр бүрд тодорхой шийдэл, бодлого ярихгүйгээр үл барам харин ч буугаад ирсэн асуудлыг хойшлуулж цаг хожих, гал унтраах байдлаар салбарын асуудалд хандав.
Улсын болон хувийн их, дээд сургуулийн бүх оюутныг боловсролын зээлийн санд хамруулна гэж попроод, татвар төлөгчдийн мөнгийг үргүй цацсан шийдвэрүүдийн талаар л мэдээлэл хийж хэвлэлээр хааяахан бараагаа харуулдаг эрхэм сайд гэнэтхэн өдөр алгасалгүй гарч ирэв.
У.Хүрэлсүхийн Засгийн газар бүслүүрээрээ ганхаж, хэд хэдэн сайдын нэр тодорхой яригдаж, салбарыг нь чадвартай хүнд шилжүүлэх бор шувуу жиргээд эхлэнгүүт өнөөх олны нүднээс далдхан суусан сайд маань “хэлд ороодхов”. Хэлд орохдоо хэвлэлээр үгээ дайж, боловсролын салбарт бодлогын “үр” тарьсан хэмээн “бүлт бүлт” үсрэв. Үүнийхээ хажуугаар өөрийн намтар, аав ээж, нутаг ус, гарал үүсэл, цаг үеийн асуудалд байр сууриа илэрхийлэхээ мартсангүй. Аанай л сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаа юу гэж андуурахаар амбийц ханхлав. Цагийн байдлыг ажиж суугаад чимээгүйхэн зүүгдээд үлдэхсэн гэх найдвар тээсэн үү, эсвэл ороо бусгаа энэ цагт олны хэл амнаас айв уу, ямартай ч мань хүний нэгэн сайтад өгсөн ихээ том ярилцлаганы дор уншигчийн сэтгэгдэл бичих эрх нь хүртэл хаагдсан байна билээ.
Үүгээрээ сургууль, цэцэрлэгийн багачууд, оюутан, багш нарынхаа тулгамдсан асуудлын талаар ам нээхгүй, бүхнийг корона руу “чихсэн” сайд өөрийнх нь зүүгдэн суугаа албан тушаал, сандал суудал ганхахыг соргог мэдэрч, үлдэх сонирхолтойгоо илэрхийлчихлээ. Харамсалтай нь, боловсролын салбар гэдэг хэн дуртай аавын охин, ээжийн хүүгийн залаад явах салбар биш тул Л.Цэдэвсүрэн та тун чиг жулдаад байгааг дуулгая.
Салбарын гол ажиллах хүчин болсон багш нарын онцлох нь Л.Гантөмөрөөс хойш сурагчдын сурах чадамжийг тодорхойлж, Монгол хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын арга барил боловсруулж, залуу багш нарын идэвх, урам зоригийг сэргээсэн сайд байсангүй гэх юм билээ.
Тэгэхээр нэгэнт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэх шинэ бүтэц, бүрэлдэхүүн бий болох нь тодорхой болсон энэ цагт Л.Цэдэвсүрэн хатагтайд Боловсролын салбар томдоод, эрхэм бүсгүй жулдаад байна. Тиймээс энэ засагт эргэж ирэх учиргүй сайдын тэргүүн эгнээнд түүний нэрийг багтаая.
0 cэтгэгдэлтэй