ГЭМТЭЙ НЬ ХАВТАЛЗАЖ, ГЭМГҮЙ НЬ ХАНХАЛЗАХ ХАВРЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2023-03-15 376 0

Хууль шүүхийн хаалга савласан, хулгайч, зальхай нарын нэрс тодорсон, “Таван Ш” ажиллагаа жигдэрсэн гэмтэй нь хавталзаж, гэмгүй нь ханхалзах үгүй мөн ч сонирхолтой хаврын чуулган өндөр үүдээ нээлээ. Энэ хаврын чуулганы шүдний өвчин нь Хөгжлийн банк, нүүрсний хулгайчтайгаа тэмцэх тэмцлээр хязгаарлагдахгүй. Сонгогчийнхоо боломжийг хулгайлсан хэн бүхэнтэй тэмцэх чуулган байна. Хулгайч гишүүдэд бүрэн эрх бамбай болохгүй. Гишүүний бүрэн эрх гэдэг иргэнийхээ сонголтыг л хамгаалж байгаа төрийн үүрэг. Түүнээс гишүүдийн хулгай хийх, өөрийгөө хамгаалах эрх биш” гэдгийг битүүний орой МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа онцолсон. Хэлсэндээ хүрч 76 түшээгийн хэн нь хэн бэ гэдгийг тунчиг эрчимтэй зарласнаар өнөөдрийн байдлаар УИХ-ын 6 гишүүний суудал эзгүйрэх эвгүйхэн тохироо бүрдчихлээ.

Цаашид Ерөнхий сайдын нисгэсэн шувуу хааш нисэж хэнийг тоншиж, шүүрдэж шүүрэхийг нийтээр харах л үлдлээ. Гэмтэй нь яаж адгаж, хэрхэн авирлахыг харах шиг хоржоонтой үйл явдал иргэн бидэнд үгүй.

Энэ Засгийн гишүүдийн бүрэн эрх дуусгавар болоход жил гаруйхны хугацаа үлдлээ. Бүрэн эрхээ дуусгалгүй дээлээ нөмрөх гишүүдийн тоо цаашид нэмэгдэх үү, хэргээ суйлуулсаар арайхийж бүрэн эрхээ дуусгах уу гэдэг нь мөн л өнөөх цаг хугацааны шүүлтүүр ээ.

Халуун тогоо шиг улайсаж, халсан буцалж даргилсан уур амьсгалтай чуулганыг өмнөх Засгууд нээж байсан эсэхийг санахгүй юм. Юутай ч гэмтэн бол байж суухын эцэсгүй хуйсагнуур, бүрхэг өдрүүд эхлэх нь ээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нээлттэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сайдаас нь чөлөөлөх захирамж гаргаснаас л илт мэдрэгдэж байна. Ж.Мөнхбат гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулна гэчихсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “АТГ үндэслэлгүй мэдээлэл хийлээ. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлсэн нь ташаа мэдээлэл” хэмээн гэдийв. Түүнийхээр АТГ төрийн түшээгийнхээ талаар ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн болж таарах нь. Харин “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулахад бэлэн” хэмээж байсан бол өнөөдрийн чуулганы нээлтийн үеэр “Би шалгуулна, гэхдээ бүрэн эрхээсээ татгалзах шаардлагагүй” хэмээн ханхалзаж асан байр сууринаасаа ухарсан хариулт өглөө.

Холбоотой мэдээ