“ЛОВОН” БАДАМЖУНАЙ БА ГОЛОГДСОН МОНГОЛ

2023-04-05 821 1
“Ум базар гүрү бадма сэди хум”. Энэ бол шарын шашинд улааны ёсыг үндэслэсэн Ловон Бадамжунай бурхны зүрхэн тарни. Муу бүхнээс авран хамгаалж сайн үйлийг тэтгэн дэлгэрүүлнэ гэх номын шидтэй.
Харин “Шувуу шүүр, таван Ш-ээр хөөж олоод барь суухаа” гэдэг бол шинэ цагт хүний хорвоод цадашгүй бэрдийн хувирсан дүр Түнжин Бадамжунайн зүрхэн тарни болон оршвой.
Эдгээр “тарни”-иудын хоорондын шид ялгаа үлэмж бөгөөд хэн чинхүү сүсэглэнэ түүнд авшиг нь адил очих нигуртай.
Тухайлбал, Түнжин Бадамжунайг гороолсон сүсэгтэн олон намчид цагтаа тоймгүй олон байсан бөгөөд тэд бүгд Ловон Бадамжунай бурхантай түүнийг андуурч нэг хэсэгтээ л тахин шүтсэн сэн.
Гэтэл Түнжин Жунай “сүсэгтэн” олноо орхиод “орхимж” юугаан тайлж хаячихаад Монголоос нэг л өдөр оргон зугатсан нь 2018 оны 12 сар.
Албан тушаал горилж, түүнийг гороологсод “Жунай бурхны хутаг олоод, гэрэл болчихлоо” хэмээн итгэн муу бүхнээс авран тэтгэх зүрхэн тарнийг нь уншсаар байсан бол мухар сүсэг, мунхрал 2-оос гэтлэгсэд “Газрын гаваас ч хамаагүй барь. Үйлийн үр хаалга андуурдаггүй” хэмээн шуугицгаав.
Хадгаламж банкны 14 тэрбумд холбогдсон, төрийн тендер, албан тушаалын наймааны мангас хочит түүнийг 2000 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Л.Энэбиш агсан “Т.Бадамжунайг хэрхэвч нам руу ойртуулж болохгүй хүн шүү. Ялангуяа хотын менежер болгож болохгүй” гэж хатуу эсэргүүцэж байсан гэдэг.
Түүний талаар хэвлэлүүд цохон тэмдэглэдэг байсан элдэв сонирхолтой дуулиануудаас эшлэн хүргэе.
1. Т.Бадамжунай тус бүр нь 800 мянган ам.долларын үнэтэй хоёр ширхэг цагийг Швейцарийн алдарт “Ulysse Nardin”-аар хийлгэхээр захиалж байжээ.
2. Т.Бадамжунай нь албан тушаалаа урвуулан ашиглаж “Цагаан залаа агвет” ХХК-тай хуйвалдан улсын төсвөөс 362645400 (гурван зуун жаран хоёр сая зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуун) төгрөг завшсан гэх мэдээлэл гарч байв.
3. Т.Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд Солонгосчуудад 330 мянган га газар зарсан гэх боловч эл асуудлыг хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн юм.
4. Хотын фракцын толгойлогч М.Энхболдыг хөдөлгөгч хүч нь үргэлж Т.Бадамжунай байсаар ирсэн гэдэг.
5. Т.Бадамжунайг барьц алдуулсан казиногийн хэрэг тэгтлээ хуучраагүй байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ.
6. Алтжингийн Г.Алтан хатагтайгаас хүртэл Т.Бадамжунай авлига авч байсныг Г.Алтан хатагтайн экс нөхөр С.Жамъянсүрэн хэвлэлийнхэнд дэлгэж байв.
10. Төрийн эзэмшилд байсан Лениний музей хэний мэдэлд байдаг нь тодорхой бус ч тус музей нь Т.Бадамжунайн мэдэлд байдаг гэх “бор шувуу” ниссэн.
11. Н.Энхбаярын гэх алдарт хэрэгт Т.Бадамжунай нарыг гэрчээр оролцуулахыг хүссэн юм. Тэрбээр эл аалзны торонд холбоотой гэгддэг.
12. Т.Бадамжунайд тариалангийн асар том газрууд бий. Гэхдээ буруу гарынх уу, зөв гарынх уу гэдэг бас л бүрхэг. Булган аймагт 2000 гаруй га тариалангийн талбайтай гэдэг. Харин Сэлэнгэ аймагт үүнээс ч илүү том тариалангийн талбайтай гэж байгаа.
13. Нэгэн цагт ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан М.Ганболдын өрөөнд улаан галзуу амьтан давхиж ороод заамдаж аван дөвчигнөсөн гэдэг яриа ч бий.
14. Тоон доторх үсэг. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу FILA-гийн “Алтан одон”-гоор ХХААХҮЯ-ны сайд байхдаа Т.Бадамжунай шагнагдсан.
15. Тэрбээр моринд нугасгүй. “Ер нь морьтой холбоотой болгон гэгээн ариун байдаг” хэмээн боддог хэмээн ярьсан байдаг. Тэр гэгээн ариун хүн.
16. Хотын төвийн өнгөтэй өөдтэй газар бүхнийг овоо хэдэн төгрөг болгож халаасалж чадсан Т.Бадамжунай хариуцлага хүлээж, хэрэгт татагдах нь бүү хэл улам л тэнгэр өөд мацсаар байна.
17. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг ул­сын төсвөөс 500 сая төгрөг завшсан хэргээр шалгаж эхэлсэн гэж байсан боловч өдгөө энэ асуулал таг чиг.
18. Т.Бадамжунай казино байгуулахаар нэг хэсэг том зүйл мөрөөдөн таваргаж байсан боловч өөрийнх нь казинотой холбоотой хэрэг нэг л өөр тийш нь чангаагаад байсан учир саваагүй нохой саранд хуцахын үлгэрээ мартахад хүрсэн.
19. Түүнийг Т.Бадамжунай бус “Дон Жунай”, “Авлига Жунай” гэх зэргээр цоллодог.
20. Тэрбээр бурхан цуглуулах хоббитой. Үүнийгээ бурханлиг үзэлтэй холбон тайлбарладаг.
21. Тэрбээр өдгөө Л.Оюун-Эрдэнийн авлига, хулгайчид руу нисгэж буй ШУВУУ ажиллагааны гол бай болж 10.55 цагийн Сөүл УБ онгоцоор Монголд ирнэ.
22. 5 жилийн өмнө Замын-Үүдээр 69 машины хонины хонхорт нуугдаж гарсан сайд асан Жунайгийн далавчийг цуцаасан ШУВУУ ажиллагаа Монголоос зугатсан, эх орноосоо урвасан олон олон ЖУНАЙГ үүрэнд нь хийж, байранд нь тавих нь гарцаагүй боллоо.

Холбоотой мэдээ