УСНЫ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРУУЛЖ, СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭНЭ

2023-04-10 350 1
БОАЖЯ, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн газар, ЮНЕСКО-ын Усны аюулгүй байдал, тогтвортой менежментийн олон улсын төв, Солонгосын К-Water компанитай хамтран 2023 оны 04 дүгээр сарын 9-15-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод “Усны нөөцийн нэгдсэн менежмент”-ийн сургалтыг зохион байгуулна. Энэхүү сургалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 17 усны сав газрын захиргаадын төлөөлөл болох 21 мэргэжилтэн оролцохоор 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр БНСУ-ын Сөүл хотыг зорьж байна. “Усны нөөцийн нэгдсэн менежмент” сэдэвт сургалт нь “Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилт 6”-ын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, БНСУ-ын усны салбарт хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилттэй танилцах, харилцан мэдээлэл солилцож, Монгол Улсын усны салбарт хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тодорхойлох юм.
Тус сургалт нь БНСУ-ын усны салбарт хэрэгжүүлж буй “Гол мөрний арчилгаа, менежментийн тухай ойлголт, түүний хэтийн төлөв”, “Гол мөрний дэд бүтцийн засвар үйлчилгээ, менежмент”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үерийн менежментийн төлөвлөгөө”, “Гангийн бэлэн байдал, гангийн менежментийн хяналт” зэрэг агуулгын хүрээнд явагдаж, сургагч багшийг бэлтгэх юм.
Сургалтад хамрагдаж буй мэргэжилтнүүд сургалтын явцад БНСУ-аас усны салбарт хэрэгжүүлж буй туршлага, хэрэгжилтийн явц, үр дүн, усны томоохон барилга байгууламжтай танилцаж, сургалтын хүрээнд олсон мэдлэг мэдээллээ бодитоор харж танилцан, бататгах боломж олгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ