Түүнийг ард түмэн хүндлэл, хайраар дутаагаагүй. Со гавьяат хэмээн явсан суусан газар нь гавьяатуулж, мандуулж байснаас гайтуулж дордуулаагүй. Хайр хишиг, халуун алга ташилт, хамаатуулж болох цол гуншиг түүнээс ер харамлаагүй. Төр, түмэн Д.Сосорбарамыгаа хөөргөн онгироож, хөхиүлэн омойтуулж явснаас хүнийрхэж, мөчөөрхөж байсангүй. Ийм л итгэл, хайрын өөдөөс гавьяат Со харин хээв нэг гараа зангидаж, хөмсгөө атируулж, хөмхийгөө зуув.
Улс орны үнэт өв нь соёл гэгээрэлтэй, түүх шастиртай явсныг нь илтгэх барилга архитектор, түүний нандин түүх байдаг. Өдгөө техник, Со гавьяат хоёрын урт саварт хана хэрэм, хаалга цонхоо өм цөм нураалгаад байгаа “Ард” кино театрын барилга манай улсын түүхэн өв биш үү. Соёлын нандин дурсгал болсон гоёмсог энэ барилгыг менежментийн гэх гэрээгээр хувьчлан өөрийн болгосон цагаасаа зориулалтыг нь хэлтийлгэж, түрээсийн аж ахуйн нэгжүүдийг битүү чихэж, халаасаа хангалттай түнтийлгэсэн эрхэм бол тэр. Со гавьяатын ажил хөдөлмөр хийсэн түүхийг харахаар түмэнд тус нэмэртэй, цалин пүнлүүтэй ажил хийж, цалингаас цалингийн хооронд явсан түүх нь байхгүйтэй ижил юм билээ. Тийм байж, тун чиг хангалуун амьдарч яваагийн өгөөж ашиг нь өнөөх түрээсийн “Ард”-ын буян. Байсхийгээд л амаараа дүүрэн ардчилал, шударга ёс ярьсаар түрээслэгчдийн ачаар өлсөх, ядрах, гар хуруугаа мойнийтол ажиллахын зовлонг гэтэлж яваа МУГЖ, Төрийн соёрхолт маань соёлын өв рүүгээ ноцож авирлах нь муухайгаас муухай, цадашгүй өлөн бэрд шиг харагдаад байна.
МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГЭЭ ҮЗҮҮЛЭЭЧ, ТӨРИЙН СОЁРХОЛТ МИНЬ ЭЭ
Гавьяат Со 1996 онд “Ард” кино театрыг менежментийн гэрээгээр хувьчилж авсан байдаг. Менежментийн гэрээгээр хувьчлах гэдэг нь юу вэ гэдгийг тодруулах шаардлагатай болов уу. Тиймээс гэрээнд ямар заалт, эрх үүрэг тусгаснаа дэлгэж харуулаач, Төрийн соёрхолт минь ээ. Угтаа бол аливаа ийм гэрээний агуулга нь удирдлагын тухайд өмчлөлтэй болж байгаагаас байр сав, газар дэвсгэрийг бүхэлд нь өмчлүүлсэн гэсэн утга агуулга биш юм билээ. Тэгэхээр “Ард” кино театрын үйл ажиллагааг алдагдуулахгүй, эд зүйлсийг нь засч сайжруулахаас гадна үйл ажиллагааг нь өргөжүүлэн тэлж үзэгч, залууст кино урлагаар дамжуулан соёлын олон талт мэдээллийг түгээнэ гэх агуулгаар хувьчлал явагдсан байх магадлалтай. Гэтэл Со гавьяат объёктыг бүхэлд нь өөрийн болгосон мэтээр авирлаж, “Ард”-ыг мөнгөний сав болгож хувиргаад, эцэст нь тэнгэр баганадсан ”International Business Center” барихаар зэхэж эхэлсэн нь өөрийнх нь байнга ярьдаг шударгад нийцэх үү. Энэ бол луйвар шүү, гавьяат аа. Төрийн өмчийг өөртөө авуутаа ямар ч зөвшөөрөлгүй буулгаж, газар дээр нь барилга барих гэж улайрч байгаа нь балайрал юм аа.
ГАВЬЯАТУУД НЬ ГАЙ ТАРЬДАГ МОНГОЛ ҮЗЭГДЭЛ
Монголд л харж болох шогийн үзэгдэл гэж байна. Бүр нэг өлөв долов зантай гавьяат зүтгэлтнүүдтэй. Алдар цуутнууд нь аливаа төрийн өмчийг хувьчилж авдаг, авснаа нураадаг байдал Монголд газар авсан. Үүний тод жишээ нь “Ард” кино театр, АСА цирк хоёр. Хайран бүтээн байгуулалтыг яайран болгодог, хувьдаа завшдаг, нурааж буулгадаг, тараан бутруулдаг завхрал. Нэгэнт орон байрыг нь түйвээчихээр тухайн салбар нь уран бүтээлчидтэйгээ уналтад ордог. Монголын циркчдын гудамжинд гарсан байдлаас хуудуутай хувьчлалын балаг харагддаг. Энэ балаг “Ард”-ыг ч тойрохгүй, дайрах нь ээ. Тиймээс гавьяаг нь мандуулж чадсан шигээ гайг нь ч мөн ойлгуулж, Со гавьяатаас “Ард”-аа аваръя.
1 сэтгэгдэлтэй
Cum with me down the rabbit hole http://prephe.ro/Vlqn