ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглан стратегийн орд газруудыг хувьчилж авах, дангаараа эзэмших байдал хавтгайрлаа

2023-06-20 180 0

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, удирдлагуудтай уулзлаа. Монгол Улсын стратегийн орд газарт хэсэг бүлэг цөөн хүн, хэдэн компани эрх мэдэл, улс төр, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрх ашгийг хангаж чадахгүй байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов. Тэрбээр “Төрийн том үйлдвэрүүдийг худалдан авах ажиллагааг хууль бусаар гардан зохион байгуулсан этгээдүүд олон нийтэд буруу ойлголт өгөх компанит ажлыг хийж байна. Төр хурааж авах процессыг долоо хоногийн дотор хийсэн гэсэн ойлголтыг өгч байна. Төрийн том өмчийг 24 цагийн дотор өмчилж авснаа өөрсдөө ярихгүй байгаа. Энэ асуудал хууль хяналтын байгууллагад өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдэхгүй байна. Хууль хяналтын байгууллага шударга ажиллаж чадаж байна уу.

Саяхан ЗГХЭГ-аас томилогдсон өмгөөллийн баг хууль хяналтын байгууллагад явагдаж байгаа процесстай танилцаж, мэдээлэл авах үед энэ асуудлыг урт хугацаанд сунжруулж, удаашруулах нь луйвар хийсэн этгээдүүдэд ач холбогдолтой гэсэн байдлаар хандаж байна. Бид энэ асуудлыг шийдэх ёстой. Монголын ард түмэн байгалийн баялагт эзэн байх, үр шимийг нь хүртдэг байх зарчмыг хатуу барих ёстой. Эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглан стратегийн орд газруудыг хувьчилж авах, дангаараа эзэмших байдал хавтгайрсан байсан. Стратегийн орд газруудыг нэг гэр бүл, нэг компани дангаараа эзэмшдэг байдал хэр хэмжээнээс хэдийнэ хэтэрсэн байгаа. Үүнийг олон нийтэд зөв ойлгуулах ёстой. Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн байхын тулд энэ бүхэнтэй хамт тэмцэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар “Эрдэнэт үйлдвэртэй холбоотой эрүү болон иргэний хэргийн хоёр багц асуудал яригддаг. Нийтдээ 4 их наяд төгрөгийн хохиролтой эрүүгийн хэрэг АТГ-т дөрөв дэх жилдээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Анх иргэдтэй холбоотой байсан хэргийг Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж, О.Орхон, Б.Мөнхбаатар, Пүрэвтүвшин гэдэг хүмүүстэй холбоотой эрүүгийн хэрэгтэй нэгтгэж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Иргэний хэрэгт “Монголиан Коппер корпораци” ХХК-иас томилогдож, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан найман иргэний асуудал байгаа. Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, тэднийг ажлаас  нь чөлөөлсөн байдаг. Үүнээс үүдэн тэд шүүхэд гомдол гаргаж, нийтдээ 1.9 тэрбум төгрөг цалин хөлс нэхэмжилж, ажилд эргүүлэн томилох хүсэлт гаргасан. Энэ хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож, Эрдэнэт үйлдвэрийн талд шийдэгдсэн” гэлээ.

Холбоотой мэдээ