Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боомтын төмөр зам, усан цахилгаан станц, нефть дамжуулах хоолойн төслүүдийг “гэрлийн хурд”-аар хэрэгжүүлэх хэлцлүүдийг хийлээ

2023-06-29 344 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа” форумыг Бээжин хотноо зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэллээ.

БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал төр засгийн хамтын ажиллагаа төдийгүй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад илүүтэй чиглэгдэж буй юм. Энэ хүрээнд айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд “China Energy”, “Хятадын Үндэсний газрын тосны корпорац”, “Power China”,  “Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалтын групп”, “Норинко” зэрэг төрийн өмчит компаниудтай уулзалт хийж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны талаар ярилцаж байна.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жао Лөжи нартай албан ёсны уулзалт хийж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээг амжилттай хийж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон. Эдгээр төсөлд хилийн боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдсэнийг Ерөнхий сайд онцолж хэллээ.

Засгийн газар “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргах эрх зүйн болон институтийн шинэчлэлийг хийж байна. Монгол Улсад нийт 7500 гаруй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай байж, Эдийн засаг, хөгжлийн яам болон тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж, хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаарх мэдээллийг тогтмол хүлээн авах, хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэх тогтолцоог бий болгож байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийллээ.

“Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа” форумын үеэр нийт гурван тэрбум юанийн мөнгөн дүн бүхий хамтын ажиллагааны 25 гэрээг үзэглэж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээллээ.

Форумд Монгол, Хятадын 500 орчим бизнес эрхлэгч оролцож байна.

Холбоотой мэдээ