Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ

2023-09-13 262 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа. Тэрбээр “Шинэ сэргэлт-Реформ” илтгэл танилцуулан, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, “Авлигатай тэмцэх-5Ш ажиллагаа” зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр цар тахлын үед -4,6 хувь болж агшаад байсан эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж өссөн. Мөн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн  62,4 их наяд төгрөг,  экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болон давж биелж буйг Ерөнхий сайд дурдав. Эдийн засаг ийнхүү сэргэхэд Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж, нүүрсний хулгайн асуудлыг ил болгож, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалж эхэлсэн нь нөлөөлснийг тэмдэглэлээ.

Уулзалтад Дундговь аймгийн 400 орчим иргэн оролцож 40 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж, санал хүсэлтээ хэллээ. Тухайлбал, аймгийн театрын барилга, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байр, сумдын соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилга зэрэг олон жил гацсан төслүүдийг урагшуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэр,  ахмадын сувилал байгуулах, шонхор шувуу барих зөвшөөрлийг цэгцлэх, үлийн цагаан оготно ихсэж, бэлчээр талхлаж байгаад анхаарах,  малын түүхий эд, бүтээгдэхүүний үнийг өсгөх, Салхитын мөнгөний ордод төрийн бодлогоор анхаарч, улс, орон нутгийн төсөв, иргэдэд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх,  сумын эрүүл мэндийн төвийг стандартад нийцсэн машинтай болгох, нягтлан бодогч, цаг уурын ажилтнуудын цалингийн шатлал, нийгмийн хамгаалалд анхаарах, Говьсүмбэр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн автозамыг  ашиглалтад оруулах, Дэл, Хөнжлийн уулыг улсын тусгай хамгаалалтад авах зэрэг санал дэвшүүллээ.

Ерөнхий сайд орон нутагт хийж буй томилолтынхоо хүрээнд 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний талаар тухайн орон нутгийн иргэдээс саналыг нь авч буй. Тус уулзалтад ирсэн иргэд дулааны станцын дэд бүтэц, цахилгаан хангамж,  аймгийн төвийн үерийн хамгаалалтын далангийн барилга, байгууламжийн угсралтын ажил, хүүхэд залуучуудын соён гэгээрүүлэх ордны барилгын зураг төсвийг эхний гуравт эрэмбэлэв. Үүний дараагаар төрийн нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга, Түмний хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажил, соёлын төвийн барилга, Олгойн говийн цэвэр усны дан шугамыг хос болгох, Луус, Дэрэн, Өндөршил сумын эрүүл мэндийн төвийн барилгын зураг төсөв, Цагаандэлгэр, Эрдэнэдалай,Гурвансайхан сум дахь Цаг уурын өртөөний засварын ажлыг жагсаажээ.


Иргэдийн асуултад салбарын сайд нар хариулт өгөв. Тухайлбал, энэ хичээлийн жилд боловсролын багц хууль хэрэгжиж эхэлснээр малчин эцэг эх хүүхдийнхээ сургуульд орох насыг сонгох боломж бүрдсэн буюу долоон настайд нь сургуульд оруулж болно гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 13А маягт олгох асуудлыг боловсронгуй болгох талаар ирэх Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Аймгийн шинэ нэгдсэн эмнэлгийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад ороход бэлэн болсон. Тус эмнэлгийг компьютер томографын аппараттай болгож, хүний нөөцийг бэлдээд байгааг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд иргэдийн саналын дагуу Мандалговь, Чойр чиглэлийн 200 км автозамыг хатуу хучилттай болгох ажлыг 2024 онд хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд хэлээд Баянжаргалан сумын соёлын төв, аймгийн театрын барилгын ажлыг эхлүүлэх, Дэл, Хөнжлийн уулыг тусгай хамгаалалтад авах, Салхитын мөнгөний ордын үр өгөөжийг дээшлүүлэх зэрэг асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.


Холбоотой мэдээ