Дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ

2023-11-03 374 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн талаар санал солилцов.

Уг төслийн хүрээнд эхний ээлжид хоёрдугаар шугам буюу Яармаг, Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор-Хархорин автобусны буудал чиглэлд дүүжин тээврийг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Цагт 1200-1500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 4.2 км урт дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ. Дүүжин тээврийн хойд буудлыг Баянгол дүүргийн 29 дүгээр хороо буюу “Хархорин” худалдааны төвийн баруун талд байхаар төлөвлөсөн.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Сэбастиен Сүрүнд талархал илэрхийлэн, “Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-д үргэлжлүүлэн хамтарч ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

Мөн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн төслийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсний дараагаар үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ