Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хувийн хэвшил асуудлыг гаргаж тавьдаг, төр дэмжиж, албажуулдаг реформ руу шилжье

2023-11-17 246 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцлоо.
Тэрбээр цар тахал, дайн Засгийн газарт сорилт авчирсан. Сорилт дундаас Шинэ сэргэлтийн бодлого гарсан. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дэнслэн, үнэн байж, хамтдаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзэж хувийн хэвшилтэй хоёр жил гаруйн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ. Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулав. Цар тахлын үед эдийн засаг  -4.6 хувьд хүрч агшсан байсан бол 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар, ирэх 2024 онд долоон хувийн өсөлттэй байна гэж тооцож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвийн хэмнэлт хийж, өрийн менежментдээ анхаарч томоохон гадаад өрийн төлөлтүүдийг Засгийн газар хийсэн. “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдлөө. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.5 их наяд төгрөгт хүрч, “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Ирэх сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иенийн өрийг төлөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. Ийм төлөлтүүдийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллартай байна гэдэг нь чамлахааргүй үзүүлэлт. Тоо худал ярьдаггүй. Гэхдээ бид тооноос чанарт шилжихийн төлөө анхаарах шаардлагатай байгааг онцлов. Засгийн газар хувийн хэвшлийн санаачилгад нээлттэй хандахыг Ерөнхий сайд тэмдэглээд хувийн хэвшлийн хөгжлийн 30 жилийн дүгнэлтийг бодитой хийж, эрхзүйн цогц реформ хийх шаардлагатай байна. Тухайлбал,Компанийн тухай хуулийг шинэчилж,  Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газар энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гэв.

Холбоотой мэдээ