Б.Болор-Эрдэнэ: Зам, тээврийн салбарт олгодог бүх төрлийн тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжууллаа

2023-12-18 222 0

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН жил болгох зорилт тавьсан. Салбарын хэмжээнд цахим хэрэглээг идэвхжүүлснээр гарч байгаа үр дүн юу вэ?

-Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ зорилт дэвшүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа газруудаас иргэдэд хүргэдэг 94 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулахаар ажиллаж байгаагаас 12 дугаар сарын 15-ны байдлаар 90 гаруй хувийн гүйцэтгэл, биелэлттэй байна.

Ингэснээр, төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах, зарим төрлийн үйлчилгээг авахын тулд заавал өөрийн биеэр төрийн байгууллагад очих шаардлагагүй болж байгаа юм. Зам, тээврийн салбарын 94 төрлийн үйлчилгээг иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад, түргэн шуурхай, хүнд сурталгүй, ил тод, нээлттэйгээр авч, нөгөө талаас “түгжрэлгүй” хүргэж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтоо биелүүлж байна.

Манай салбарын дийлэнх гол үйл ажиллагаа нь зорчигч болон ачаа тээвэр. Тэр утгаараа эдгээр 94 төрлийн үйлчилгээнд агаарын тээвэр, автотээвэр, төмөр замын тээврийн тасалбар захиалга, буцаалт зэрэг үйлчилгээний бүх үйл явцыг цахимжуулсан. Мөн салбарын өргөдөл, гомдол, санал, тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлт, биелэлтийн хариуг 100 хувь цахимаар өгч байна.

Дээрх ажлыг зам, тээврийн салбарын нэгдсэн платформд тулгуурлан хийж байгаа.

Салбарын бүх үйл ажиллагаа, статистик мэдээллийг нэг дор байршуулснаар тухайн үйлчилгээг хэдэн хүн авсан, ямар хугацаа зарцуулсан бэ, түүнээс  гадна манай салбарын ямар төрлийн үйлчилгээг авахад хүндрэл бэрхшээл гарч байна зэрэгт дата анализ хийж, дүгнэх боломж бүрдүүлээд байгаа юм.

Үүний үр дүнд салбарынхаа бүх мэдээллийг нэгтгэн иргэдэд ямар үйлчилгээ түлхүү хэрэгтэй вэ гэдгийг цаашдын бодлого, төлөвлөлтдөө тусгаж, стандарт, хууль эрхзүйн орчныг сайжруулахад тусгаж ажиллана. Өөрөөр хэлбэл дээрх дата мэдээллийг шийдвэр гаргалтад ашиглана гэсэн үг юм.

-Цахимжуулж эхлэхээс өмнө төрийн байгууллагуудын үйлчилгээ ямар дарааллаар явдаг байв?

-Манай салбарт 50 гаруй мянган хүн ажилладаг. Жишээ татвал, салбарын шагнал олгох ганцхан төрлийн үйл ажиллагаанд гэхэд, шагналд тодорхойлох хүсэлт бүхий албан бичиг, тодорхойлолт, анкет зэрэг 12 мянган хуудас цаас зөвхөн ганцхан жилд цуглардаг байсан.

Дээрээс нь заавал биеэр авчирч өгөх шаардлага тавьдаг байв. Харин эдгээр үйл явцыг цахимжуулснаар шагналын материалыг дэлхийн хаанаас ч, Монгол Улсын өнцөг булан бүрээс өгөх боломжтой болгосон.

Ганцхан шагналын материал авахад нэг жилд 12 мянган цаас.

Цахимжуулсны үр дүнд цаас хэмнэж, байгаль дэлхийгээ хайрлаж, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй, хүнд сурталгүй болгож байна. Дээрээс нь тусгай зөвшөөрөл авахад маш олон тооны баримт, материал шаарддаг байсан. Одоо бүх салбарт олгодог тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулж, хуулийн дагуу шаардах бичиг баримтын тоог багасгаж, хүний оролцоо бага, шаардлага хангасан, хангаагүй, дутуу бичиг баримт, шийдвэрлэлт зэрэг бүх үйл явцын мэдээллийг цахимаар авдаг, үйл явцыг хянадаг болсон байгаа.

Цахимжилтын үр дүнд иргэддээ хүртээмжтэй үйлчилж, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг нь хэмнэж, түргэн шуурхай мэдээллийг нь өгдөг болсон. Гар утасны аппликейшн ашиглаад л тийзээ захиалж, өргөдөл, гомдол, саналаа өгч болно. Зөвхөн ажлын 8 цагт баригдахгүй, зам, тээврийн салбарын бүх үйлчилгээг 24 цагаар нээлттэй хүргэдэг болж байна.

Холбоотой мэдээ