БОДЛОГО “ҮЙЛДВЭРЛЭГЧ”

2024-02-27 381 1

Бидний мөнхийн хөрш БНХАУ-ын төв хот Бээжинг үзэж хараагүй хүмүүн багахан биз ээ. Бууж мордоод буцахдаа атаархал гэх үү, анзаарга гэх үү эмх цэгц мэдэрлээ. “Хэтийдсэн дур зорго өнөөгийн Улаанбаатарыг өнгөрсөн 30 жилд хэчнээн эмх замбараагүй болгоо вэ, бурхан минь” хэмээн дуу алдахад хүргэлээ. Тогоо шанага, гутал хувцас нь холилдчихсон, хамаг нь хөглөрсөн айл шиг Улаанбаатарыг эмхэлж цэгцлэх халгам, бэрх ажлыг эхлүүлжээ, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.

Тэр Монгол төрийн гал тогоог бариад гурван жил болжээ. Энэ хугацаанд нийгмийн сэтгэл зүйд бөхөж унтраад байсан “Итгэл найдвар” гэх галыг асаалаа хэмээчихвэл нэг их буруутахгүй болов уу.

Монгол шиг жижигхэн зах зээлтэй, багахан хүн амтай, импорт шүтсэн улс орнууд Ковидын гэх шуурганд сөхөрнө хэмээн байсан хүндхэн цагт тэрбээр хэд хэдэн том реформын шинжтэй бодлого хэрэгжүүлсний ачаар эдийн засаг сэвхийж, аж ахуйн нэгжүүд багахан шархалж, хаалгаа барьснаасаа нээсэн нь олон үзүүлэлт гарсан. Дотоодын аж ахуйн нэгжээ хамгаалсан эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөртэй зэрэгцүүлээд төр дэх хулгайчдын мөрөөр орж, зээлээр баяжиж, нүрсээр хөлжигсдийг төр түмний өмнө илчилснээрээ тэр найз болдоггүй, найр тавьдаггүй “муухай” зангаа танхимын нөхдөдөө харуулсан. Харин одоо “Бүсчилсэн хөгжил” гээч бодлого яриад, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 152 хорооны иргэдэдээ танилцуулж явна.

Бодлогоор ангачихсан байсан Монгол Улсад, Монголын парламентын гал тогоонд бодлого “үйлдвэрлэгч” шиг л ажиллаж байна даа, Л.Оюун-Эрдэнэ.

Энэ цагийн Монголын улс төрд ном үзэж, багш дор мөргөсөн цөөн хэдэн сэхээтэн байдгийн нэг нь тэр яах аргагүй мөн юм. Тиймээс түүний үзэл санаа, үйл хэргээс нягт чамбай бодлого гарч л таарна хэмээн ямагт найддаг төдийгүй Монголын төрийн системийг эмхлэхэд онцгой гавьяа байгуулах ёстой “толгой” хэмээн итгэнэ.

Тэр бол Төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр багшаас ном сонссон хувьтай нэгэн. Яагаад ч юм түүний өнөө цагт яриад яваа “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын язгуурыг Д.Батбаяр багшийн үзэл санаанаас улбаатай болов уу хэмээн тааварлаад байгаагаа би бээр энд дурдъя.

Үүнийгээ батлахын тулд багшийн “Алтан хараацай” өгүүллэг дэх ийм нэг санааг эш болгоё.

…Тойрог гэдэг гараг эрхсийн хэлбэр төдийгүй, хорвоо ертөнцийн эхлэл төгсгөлгүйн утга. Эхлэл төгөсгөлгүй гэдэг бүх л үзэгдэл, юмсын оршихуйн утга. Энэ чмнь юу гэсэн үг вэ гэвэл жаргал гэж үгүй, зовлон гэж үгүй гэсэн үг. Жаргал үгүй, зовлон үгүй гэдэг чинь хүмүүн бидний эрээд байгаа амар амгалан бус уу. Эхлэлгүй, төгсгөлгүй гэдэг чинь бидний эрээд байгаа үнэн бус уу. Хэрэв тийм бол үнэн гэдэг чинь тойрог. Тойрог болохоороо нэгэн цэг дээрээс гарч, дугуйран явсаар, буцаад мөнөөх цэг дээрээ очно гэсэн үг. Үнэнийг эрэн өөрөөсөө гарч, өрөөл бусдын дундуур үнэнийг хайн бэдэрсээр эцсийн эцэст өөр дээрээ буцаж очно гэсэн үг. Тэгэхээр үнэн гэдэг чинь “Би”. Үнэнийг эрнэ гэдэг өөрийгөө эрнэ гэсэн үг…хэмээх философи үзэл дурдагдсан нь бий.

Тэр Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг геополитик, ард түмнийх нь ахуй соёлын онцгой байдал, үүх түүхийн улбаа зэргээс хамаарч бүсчлэн хөгжүүлэх загварыг багшийнхаа дээрх философиос олсон байх хэмээн таана.

Яг энэ үзлээр Улаанбаатарыг дүүрэг бүрээр нь бүсчлэхээр загварыг нь танилцуулж явна. Түүний энэ амбийц Толгойт буюу Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн бол дараагийнх нь Баянзүрх дүүрэг, Дарь-Эх төв байлаа.

Манайх шиг Засаг нь тогтворгүй, дунджаар 1.5 жилийн настай улс төрийн циклтэй нөхцөлд иргэд нь дур зоргоороо, бодлого нь насгүй, төр нь самуунтай, нийгэм нь стресстэй, төрийн алба нь бужигнаантай, улс төржилт ихтэй байхаас гарцаагүй. Тиймээс Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилт энэ замбараагүй байдлыг цэгцлэх болов уу хэмээн итгэх. Л.Оюун-Эрдэнийн гурван жилийн реформ 30 жил мэт өөрчлөлт авчраасай.

Тэр өөрийгөө эрж байгаа юм. Тэр өөрийгөө олж байгаа юм.

Холбоотой мэдээ