01.27
Цар тахал дотоодод гарснаас хойш гэрээсээ тоотой гарч, хөл хорионы дэглэмийг муугүй сахьсан. Гэтэл хөдөөнөөс ээж залгаж “Аав чинь хөлөө хугалчихлаа, миний хүү ирэх хэрэгтэй байна” гэсэн таагүй мэдээ авав.
Эндээс л миний Онцгой комисстой холбоотой онцгүй өдрүүд эхэлсэн юм. Хамгийн түрүүнд QR кодны доор байсан ОБЕГ-ын 1800-1105 лавлах утас руу залгав. Учир явдлаа хэлээд хөдөө явах хүсэлтээ хааш нь яаж гаргахыг асуув. “Ховдын автобуснаас болоод хөдөлгөөн хаасан байгаа, боломжгүй” гэлээ. “Тэгээд би аав, ээжийгээ яах болж байна аа? …”. Утас тасрав.
Интернэтээс хөдөлгөөн хаасан тухай албан мэдээ хайгаад олсонгүй. Хагас цагийн дараа ахиад залгав. “Нийслэлийн Онцгой Комиссын 321731 рүү залгаарай” гэсэн хариу авав. Нэлээд хэдэн удаагийн оролдлогоор 321731-тэй холбогдоход “Шинжилгээний хариу гарсны дараа манай мэйл рүү хүсэлтээ явуулаарай” гэж хэллээ. Хөдөөнөөс дуудлага авсан даруйдаа шинжилгээний цаг авсан ч зөвхөн хоёр өдрийн дараа л шинжилгээ өгч, хариу нь 24 цагийн дараа гарахаар байв. Өөрөөр хэлбэл, би 72 цагийн дараа л НОК-ийн Шуурхай штабд хүсэлтээ илгээх боломж бүрдэнэ.
Энэ үед ээж маань Булганы нэгдсэн эмнэлэгт ажилладаг авга эгчийн хамт Булган аймгийн Шуурхай штаб дээр очиж Улаанбаатараас гарах зөвшөөрөл авахын тулд аймгаас ямар нэгэн албан бичиг авах хэрэгтэйг лавлаад “Тийм бичиг хэрэггүй” гэсэн хариулт авсан байлаа.
Мэдээний сайтууд дээр өчигдөр тэдэн зорчигч хотоос гарч, тэд нь хот руу нэвтрэхэд коронавирус илрээгүй байна гэсэн агуулгатай мэдээ уншаад “За ямар ч байсан гаргах л юм байна” гэж тайвшрав.
01.30
Шинжилгээний сөрөг хариугаа авч НОК-ийн сайт дээр байсан info.nobg@nema.gov.mn болон contact@nobg.nema.gov.mn гэсэн хоёр хаяг руу шинжилгээний хариу, өргөдөл, Булганы нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн бичиг, рентгений зураг зэргээ хавсаргав. 321731-рүү залгахад “Өргөдлийн хариу 24 цагийн дараа гардаг, 330598-аас хариугаа аваарай” гэж хэллээ.
01.31
Өглөөнөөс эхлээд 330598 руу залгав. Нийслэлийн шуурхай штабын 324207-руу бас залгаад байлаа. Аль аль нь таг чиг. Хагас өдөр холбогдох оролдлого хийсэн ч амжилт олсонгүй. Нийслэлийн Онцгой байдлын газрын 51262248-руу залгалаа. “Мэйлд хариу алга, хүн нь утсаа авахгүй байна яах уу?” гэхэд нэг хувь хүний дугаар авав. Тэр дугаар луу нь залгахад “Яахаараа миний утсыг өгдөг юм? Албан утас руу нь залга” гээд тасаллаа.
324207-руу залгаад л байв. Залгах болгонд “Та Нийслэлийн Онцгой Комиссийн ШШ-ын утсанд холбогдлоо … Зүй бус, бүдүүлэг үг хэрэглэх хориотойг анхааруулъя, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохыг анхааруулъя” гэсэн автомат хариулагчийг л сонсоно. Энэ зуур “Стресстэй иргэн НОК-д зүй бус, бүдүүлэг үг хэлээд хариуцлага хүлээдэг юм бол, хэвлэлээр эмэгтэй хүнийг илт доромжилсон Буянгийн Жагаад ямар хариуцлага ногдуулдаг юм бол?” гэсэн шүү юм бодогдож байв.
Найдлага тасраад НОК руу биеэрээ очиж үзэхээр шийдэв. Замдаа 324207-руу ахиад залгав. Тэнгэрийн умдаг атгах нь тэр, утсаа авч байна. “Аав маань хөлөө хугалсан, ээж маань даралттай, мал дээрээ ганцаараа” гэх мэтчилэн аль болох хангалттай бас өрөвдөлтэй дуугаар тайлбарлалаа. “Аймгийн онцгой комиссоосоо “Хүлээж авна” гэсэн бичиг авах хэрэгтэй. Тийм бичиггүй бол бид зөвшөөрөл өгөөд та нарыг замаас чинь буцаана” гэж хариуллаа. Ээж, авга эгч хоёрт “Манайхаас бичиг шаардлагагүй” гэж хэлсэн аймгийн Шуурхай штабын ажилтан худлаа хэлсэн болж таарлаа.
Ингээд миний паянгийн хоёр дахь буюу Аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авч “Дээс томж найзыгаа аврах” үе шат эхэллээ. Аймгийн онцгойгийн вэб хуудас руу ороод албаны, хувийн нийлсэн хэд хэдэн утасны дугаар оллоо. Утаснуудын доор …yahoo.com мэйл хаяг байхыг хараад жаахан инээд хүрч “Онцгой комисс yahoo ашигладаг юм байна” гэж бодлоо. Фэйсбүүкийн пэйж хуудас руу нь ороход олон нийтэд зориулсан ямар нэгэн мэдээлэл байхгүй, Personal blog гэсэн ангилалтай пэйж байлаа.
Гурван дугаар дамжсаны дараа зөвшөөрөл хариуцсан, 7034-тэй дугаараар нэгэн ахмадтай холбогдлоо. Учир байдлаа тайлбарлахад “Ийм хүсэлтүүд их ирж байгаа. Хоёр тогтоол гарсан. Тийм болохоор хөдөлгөөнийг хамаагүй зөвшөөрч болохгүй байгаа. Гэхдээ би даргадаа танилцуулъя. Жаахан хугацаа орно шүү. Манай мэйл рүү хүсэлтээ явуулчих” гээд өнөөх yahoo хаягаа өглөө. “Шинжилгээний бичгийн хүчинтэй хугацаа дуусах магадлалтай тул та яаравчлахыг бодоорой” гэж учирлалаа. Нөгөө шинжилгээний бичиг, эмнэлгийн бичиг, рентгэн зургаа yahoo хаяг руу нь илгээгээд, илгээснээ сануулж дахин залгав.
Үүнтэй зэрэгцээд Булганы нэгдсэн эмнэлэгт ажилладаг авга эгч маань эрээд олддоггүй эрдэнэ шиг тэр зөвшөөрлийг нь Булганы Шуурхай штабын шугамаар авах арга чарга хайж эхэлсэн байв. Зөвшөөрөл авахын тулд маргааш өглөө нь Аймгийн ЗДТГ дээр оочерлох хэрэгтэй гэж дуулжээ. Гэвч өглөө нь аав хагалгаатай учраас ээжийн гуйснаар бас аймагт амьдардаг үеэл маань надтай холбогдов.
Үеэлийн найз нь хоёр хоногийн өмнө зөвшөөрөл авч хотоос гарсан тухай олж мэдээд найзтай нь холбогдлоо. Бас л олон газрын утас руу уйгагүй залгаж байж зөвшөөрөл авсан тухайгаа тэр яриад, байн байн залгаж лавлахыг зөвлөв. Хамгийн сонирхолтой нь НОК-ийн Шуурхай штабт хүсэлтээ илгээхийн тулд info.nobg@nema.gov.mn болон contact@nobg.nema.gov.mn гэсэн хаяг руу биш nokshuurhaishtab@gmail.com гэсэн хаяг руу илгээх ёстойг НОК-ийн сайтаас биш, үеэлийнхээ найзаас л олж мэдлээ. “Энэ НОК чинь gov.mn-тэй албан хаяг биш, gmail ашигладаг юм байна” гэж бодлоо.
НОК-ийн 321731 дугаараас “Манай мэйл рүү хүсэлтээ явуулаарай” гэж хэлэхэд хэн ч гэсэн сайт дээрх хаяг руу нь мэйл явуулна. Гэтэл сайт дээр нь ч байхгүй, интернэтээс хайгаад олддоггүй зүгээр нэг gmail рүү илгээх ёстой байж. Энэ үед “info.nobg@nema.gov.mn болон contact@nobg.nema.gov.mn гэсэн хаягууд руу мэйл илгээхэд АЛДАА ГАРЛАА” гэсэн мэйл надад ирсэн байлаа. Ингээд яагаад НОК gov.mn-тэй биш, энгийн gmail ашигладгийг ойлгох шиг боллоо.
Ер нь төрийн байгууллагуудын албан мэйл рүү захиа илгээнэ гэдэг хоосон өрөөний хаалгаар шагайгаад “Хүн байна уу” гэж хашгирахтай төстэй санагддаг. Хариу ирэх нь ховор, эсвэл ямар нэгэн системийн алдаа гардаг. Эхлээд ажиллаж байсан 119.mn сайт гацаж ажиллахаа больсон. Сайтыг хийж өгсөн “Интерактив” компани үүний шалтгааныг яамнаас хангалттай мөнгийг нь өгөөгүй гэж тайлбарласан.
Дараа нь “Гэрэгэ системс” ХХК-д санал тавьсан бололтой. Одоо шинжилгээний цаг, хариуг eruul.gerege.mn сайтаас авч байгаа. Гэвч энэ нь бас л бие даасан системтэй сайт бус, хувийн компанийн сайт дээр зүгээр л нэг хуудас нэмчихсэн юм шиг “eruul.gerege.mn” гэсэн хачирхалтай хаягтай. Хэрэв Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ үнэхээр цахим засаглалыг төлөвшүүлэх гэж байгаа бол нэлээд зүдрэх байх.
Энэ хооронд би ажлаасаа чөлөө авч, сайт, сэтгүүлийнхээ ажлыг цэгцэлж, хөдөө явахад бэлдэж машиныхаа явах эд ангийг засуулав. Бас гурван сарын дараа үсээ засуулав.
02.01
Өглөө Аймгийн Онцгой Комисс руу залгаж зөвшөөрөл гарсан эсэхийг лавлав. “Зөвшөөрчихсөн байна. НОК-ийн системээс шүүхэд гараад ирнэ. Одоо НОК-д хүсэлтээ явуулах хэрэгтэй” гэж хэллээ. Үеэлийнхээ найзаас авсан нөгөө gmail хаяг руу өнөө хэдэн бичиг, шинжилгээний хариу, рентгений зургийг дахин хавсаргаж, аймгаас зөвшөөрсөн гэдгийг бичээд холбогдож лавлах албан хаагчийн утсыг хамт илгээв.
Гурван цагийн дараа НОК-ийн Шуурхай штабаас мэйл ирэв. “Аймгаас зөвшөөрсөн албан бичгээ хавсаргаад явуулна уу” гэсэн байхыг хараад гайхлаа. Системээс нь шүүхэд гараад ирнэ гэсэн биз дээ? Ахиад Аймгийн онцгой руу залгаад зөвшөөрсөн бичиг нэхээд байгааг хэллээ. “Дарга руу цохуулах гээд аваад явчихсан байна. Цохохоор нь эргээд залгая” гэж хариулав.
Хоёр цагийн дараа дахиад залгахад “Дарга ирээгүй байна” гэв. Ахиад хоёр цагийн дараа адилхан хариу өглөө. Аймгийн онцгойд ажилладаг ангийнхаа найз руу залгаад “хүчитгэл” хийхийг оролдов. Дараа нь ахиад залгахад өөр нэг хүний утас өгөв. Нөгөө хүнтэй нь холбогдтол “Өөрийн чинь шинжилгээний хариу онлайнд ороогүй байна” гэв.
Ийм сюрприз байна гэж ёстой бодсонгүй. Мэссэжээр “Сөрөг гарчихлаа” гээд, сайтаас нь татаж авч болоод байгаа шинжилгээний хариу онлайнд ороогүй байна гэдэг юу гэсэн үг вэ? 119 руу залгаад лавлахад “Энэ боломжгүй. Цаадах хүмүүс чинь буруу бичсэнээс гарцаагүй” гэж хэллээ. Шинжилгээнийхээ хариуг аймгийн онцгой руу ахиж нэг мэйлдээд араас нь “Явуулчихлаа, одоо шалгаад өгөөч” гэлээ. Хэсэг хугацааны дараа над руу залгаж “Нийслэлийн Шуурхай штаб руу албан хүсэлт явуулчихлаа, 5-10 минутын дараа холбогдоорой” гэв.
Энэ үед ажлын цаг хэдийн дууссан байв. Нийслэлийн шуурхай штабын 330598 руу юмыг яаж мэдэхэв гээд залгасан ч урьдынх шигээ таг чиг. 321731 рүү нь залгаад аймгаас албан хүсэлт явуулсан учраас миний зөвшөөрлийг шийдээд өгөөч гэж гуйлаа. Утасны цаана аятайхан ааштай хүн таарч, миний хэлснийг тэвчээртэй сонсоод, “Ойлголоо. Таны мэйл ирсэн байна, эргэж холбогдоно” гэлээ.
Үүнтэй зэрэгцээд nokshuurhaishtab@gmail.com хаяг руу нь аймгаас албан хүсэлт явуулсныг, бас маргааш 13.00 цагт шинжилгээний бичигний маань хүчинтэй хугацаа дуусах гэж байгааг давхар сануулаад холбогдох ажилтны нэр, утсыг дагалдуулав. Хэсэг хугацааны дараа “Албан бичгийн хавсралт заавал хэрэгтэй” гэсэн нөгөө л уур хүргэсэн хариултаа өгсөн байв. Саяхан “Ойлголоо, эргээд холбогдоё” гэсэн мөртлөө.
Дахиад л утас руу нь залгалаа. Нэг эрэгтэй хүн авснаа “Таны нэр дээр Булганаас тийм бичиг ирээгүй” гэх нь тэр. Эргээд Булгантай холбогдов. “Таны нэрийг хоёр хүний нэртэй нэгтгээд 39 тоот албан бичиг явуулсан” гэсэн хариу авав. Буцаад нийслэлтэй холбогдоход “Зөвшөөрдөг хүмүүс нь тарчихсан. Маргааш шийднэ” гэв.
Унтах цаг боллоо. Хэлдэггүй “П” хараалаа нэг удаа хэлээд авлаа. Юутай ч өглөө 22-ын товчоо руу зүглэе, замд шийдэгдэх байх гэж найдсаар унтлаа.
02.02
Өглөө нь гэрээсээ гарч замдаа хоёр удаа Нийслэлийн Шуурхай штаб руу ярьж, шинжилгээний бичгийн хугацаа 4-хэн цагийн дараа дуусах 22-ын товчоо руу явж байна гэдгээ хэллээ. Эхнийхэд нь “За ойлголоо. Шийднэ ээ” гэлээ. Хоёр дахь дуудлагаар “Цааш нь өгчихлөө. Тань руу залгана” гэв.
11 цагийн үед 22-ын товчоон дээр ирэв. Тэнд 321731-рүү хичнээн залгаснаа ч тоолохыг хүсэхгүй байна. Залгах бүрт өөр өөр хүн авч өөр өөр хариу хэлнэ. Нэг нь бүр “Хугархай хөлөнд зөвшөөрөл олгохгүй байх” гэж хэлэв. Дахиад л Булганы Шуурхай штаб руу холбогдож Нийслэл рүү холбогдоод хэлээд өгөхийг гуйлаа. “Хэлчихлээ. Одоо залга” гэхээр нь холбогдоход “Шинжилгээний хугацаа дуусч байгаа юм чинь Улаанбаатарт ахиад шинжилгээ өгч, хүсэлтээ бас шинээр өгсөн нь дээр. Тэгэхдээ аймгаас зөвшөөрсөн бичгийн хуулбарыг хамт явуулах шаардлагатай. Аймгаас шууд манайх руу илгээсэн бичгийг шүүхэд их хугацаа ордог юм” гэх нь тэр.
Хэрэв надаас хурц темпераменттай хүн байсан бол утасны цаанаас хамаг үгээ хэлж, 22-ын товчоон дээр дэлбэрэхээр байв. Миний хувьд хүнийг харааж загнахаараа өөрөө хямарчихдаг талтай учраас тэгсэнгүй, муухай царайлсаар хот руу буцлаа. Ээж рүүгээ залгаад хэлэхэд “Миний хүү хотоос гарч чадах нь уу” хэмээн эвлэрсэн байдалтай ярьж байв.
Бас л Булганы Шуурхай штабтай холбогдож тэр бичгээ зургийг аваад явуулаад өгөөч хэмээн аминчлан гуйж, хариуцсан ажилтны фэйсбүүкээр нь дамжуулж авлаа. Нийслэлийнхнээс “нуугдаад байгаа” тэр албан бичиг нь “Г.Даваадоржийн аав нь хүнд өвчтэй, хэвтэрт байгаа учраас PCR шинжилгээтэй бол Булган руу нэвтрүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн агуулгатай байлаа.
Шинжилгээнд оочерлох зуураа өргөдлөө шинээр гаргахдаа гараар, файлаар, давхар мэйлээр нь бичиж, аймгийн бичиг, эмнэлгийн бичгүүдээ нийлүүлж илгээгээд араас нь дотроо залбирлаа.
02.03
14.00 цагийн үед дахин өгсөн шинжилгээний сөрөг хариу мэссэжээр ирлээ. Нийслэлийн Шуурхай штаб руу хүсэлт явуулснаас яг 24 цагийн дараа утас нь руу залгалаа. “Өчигдөр өгсөн бол өнөөдөр хариу нь мэссэжээр очно” гэж хэллээ. Гурван цаг хүлээв. Таг чиг. Хэд хэдэн оролдлогын дараа холбогдож лавлахад “Мэйл хаягаа хэлээрэй” гэж байна. Мэйлээ үсэглэн хэлж өглөө. “Ийм мэйлээс манайд өргөдөл ирээгүй байна” гэлээ. Өөрийн эрхгүй нударгаа зангидаж, цээжин дотор нэг юм бөөгнөрөөд ирэв. “Юу гэсэн үг юм бэ? Танай gmail хаяг руу чинь би өчигдөр өдөр явуулсан. 24 цагийн дотор хариу хэлнэ гэсэн шүү дээ” гэхэд “Манайх тийм мэйл хаяг ашигладаггүй. nok@ulaanbaatar.mn гэсэн хаягаар илгээ” гэлээ. Цээжин дотор бөөгнөрсөн юм улам өтгөрөх шиг боллоо.
Дахин хоёр удаа залгаж мэйлийн талаар лавлахад мэйл өөрчлөгдсөн, хоёулангаар нь авч байгаа гэсэн хоёр янзын хариу өглөө. “Шинээр” хэлсэн хаяг, бас gmail рүү нь үйлийн лайтай хэдэн баримтаа дахиад л мэйлдлээ. Энэ удаа дотроо залбирах ч хүсэл төрсөнгүй.
02.04
Шинжилгээний сөрөг хариу гарсан зөвшөөрлийн эерэг хариу алга л байлаа. Өөрийн биеэр НОК дээр очиж лавлав. Үүдэнд суусан жижүүр хэд хоногийн өмнө өргөдөл хүлээж авдаг мэйл өөрчлөгдсөн гэх бөгөөд тэр мэйл хаягаа хаалган дээрээ наажээ. Тэгээд яагаад энэ тухай мэдээллээ онлайнаар тавиагүй талаар асуухад “тэгэх шаардлага байгаагүй байх. Өргөдлүүдийг ирсэн дарааллаар нь шийдэж байгаа” гэсэн хариулт өгөв. Өөрөөр хэлбэл, цар тахалтай байсан ч иргэд заавал НОК дээр биеэрээ очиж байж арай хэрэгтэй мэдээлэл авахаас өөр аргагүй болж байна. Зайнаас, онлайнаар НОК-той харилцаж асуудлаа шийдүүлэх гэсэн нь миний хамгийн том алдаа болжээ.
Энэ өдрийн бүх дуудлагаар “Хүлээж бай, ачаалал их байгаа” гэсэн хариулт л авч байлаа.
02.05
Үдийн хэрд 330598 гэсэн диваажингийн дугаараас дуудлага ирэв. “Асуудлыг чинь шийдсэн. Одоо хотоос гарч болно” гэлээ. Магадгүй хорих газраас суллагдаж буй хүний санаа ингэж амардаг байх. Телевизээр дархлаагаа дэмжээрэй гэсэн эрүүл мэндийн яамны сурталчилгаа гарч байсан ч өнгөрсөн өдрүүдэд НОК-ийн зөвшөөрлөөс болж миний дархлааны эсүүдийн нэлээдгүй нь устсан гэдэгт итгэлтэй байна.
22-ын товчоон дээр Аймгаас ирсэн ахин шаардахад нь фэйсбүүкээр ирүүлсэн албан хүсэлтийг харуулж нэвтэрлээ.
Төрийн албаны мэдээлэл солилцоо, зохион байгуулалт гэдэг үнэхээр нойл гэдгийг ээлжит удаа ийнхүү бие дээрээ мэдрэв. 2018 онд Английн виз авахад ч үүнээс хэд дахин хялбар байсан. Онцгой Комисс үнэхээр онцгүй ойлгомжгүй, Шуурхай штаб нь яст мэлхий шиг ажиллаж байна. Нэг үгээр, энд менежментийн сүйрэл болж байна. Гэхдээ миний хувьд тусгай дугаараар дуудлага авч байгаа, мэйл шалгаж, хариу илгээж байгаа ажилтнуудыг буруутгахгүй. Хэргийн учир нь удирдлагууд нь тэдэнд ойлгомжтой, цэгцтэй, системтэй зааварчилгаагаар хангаагүй, олон нийтэд хэрэгтэй мэдээллийг хүртээмжтэй байлгаж чадаагүй.
Иргэдэд чиглэсэн үйлчилгээ системчлэгдээгүй бол үйлчлүүлсэн, үйлчилсэн аль аль тал нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө, мэдрэлийн эсээрээ хохирдог. Би өнгөрсөн өдрүүдэд ийм л нэг менежментийн ширэнгэд төөрч, зохион байгуулалтын намагт шигдэв.
СТАТИСТИК
Авсан зөвшөөрөл – 1
Зарцуулсан хугацаа – 8 хоног
Илгээсэн мэйл – 8
Тусгай дугаарууд руу хийсэн дуудлага – 150 орчим
Эх сурвалж: Business.mn сэтгүүл сайтын редактор Г.Даваадорж
0 cэтгэгдэлтэй