Онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг орон сууцны хөтөлбөрт үе шаттай хамруулах саналаа танилцуулав

2024-04-24 311 0

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар  танилцууллаа.

Тухайлбал, “Монгол Улсад зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо, гамшгийн бэлэн байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх, Улсын нөөцийн хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэх, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн сургалт, хөгжлийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын төсвийг үе шаттай нэмэгдүүлэх, Онцгой байдлын байгууллагын аймаг, орон нутаг дахь гал унтраах, аврах ангийн зарим барилгыг шинэчилж барих нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт гал унтраах, аврах анги, эрэн хайх, аврах салбар бүлгийг шинээр байгуулах асуудлыг үе шаттай шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Мөн онцгой байдлын байгууллагын албан хаагчдын 50-70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Цаашид салбарын албан хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцны хөтөлбөрт үе шаттай хамруулах саналтай байгаагаа хэллээ.

 

Товч мэдээ
·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Улаанбаатар хот, аймаг, сумд болон улсын чанартай зам дагуу байршилтай, шатахуун түгээх 592 станцын стандартад нийцээгүй нүхэн жорлонг ариун цэврийн эко байгууламжаар шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-т даалгав.
·      Хүн малын халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг  ирэх  тавдугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, БОАЖ, ХХААХҮ-ийн сайд нарт тус тус үүрэг болголоо.

Холбоотой мэдээ