Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

2024-04-25 280 0

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хуралдаан өнөөдөр “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын хурлын танхимд боллоо.
Хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэв.


Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудлыг төрөөс дэмжиж, хамтын түншлэлээр шийдвэрлэх, аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өглөө.
Хуралдаанаар “Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол батлав.

Холбоотой мэдээ