ЦООХОР ИРВЭС ХУУЛЬ БУС АГНУУРТ ИХ ӨРТЖЭЭ

2024-05-24 351 0

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр судлаачид сүүлийн жилүүд дэх хууль бусаар агнах гэмт хэргийн мэдээлэлд  дүн шинжилгээ хийжээ. Судалгаанаас онцлох мэдээллийг хүргэж байна.

Хууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд  энэ аюулыг багасгах боломжтой юм.

Судлаачдын ярьснаар амьтныг гэмт халдлагаас хамгаалах эрх зүйн тогтолцоо бий болж, нийгмийн хөгжлөө даган эрх зүйн хэм хэмжээ нь өөрчлөгдөн боловсронгуй болж сайжирсан байна. Амьтан хамгаалах талаар 2002 оноос хойш өнөө хүртэл Эрүүгийн хуулийн зүйл заалт гурван удаа өөрчлөгдөн, шинэчлэгджээ. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн Ан агнуурын хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг, энэ зүйлд 2008 онд агуулга, зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт, 2015 онд Хууль бусаар ан агнах гэмт хэрэг гэж нэрлэгдэн өөрчлөгдөж шинэчлэгдэн, хэрэгжиж байна. Амьтныг аливаа хууль бус халдлагаас хамгаалах зорилготой Эрүүгийн хуулиас гадна шинээр Зөрчлийн тухай хуулийн гол заалт болох Амьтны тухай хууль зөрчих 7.6 дугаар зүйл заалтаар тус тус хамгаалж байгаа юм.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг зөвхөн ажилгүйдэл, ядуурал зэрэг эдийн засаг, нийгмийн шинж талаас нь холбон үзэхээс гадна иргэдийн соёл, уламжлал, боловсрол, ёс суртахууны талаас нь авч үзэх шаардлага ч байгааг судлаачид онцолжээ. Тодруулбал, амьтныг ахуйн хүнсэндээ хэрэглэх, уламжлалт эм, эмчилгээ, гоёл чимэглэл, хувцас хэрэглээндээ ашиглах, амьтан агнах барих хувийн хүсэл сонирхол нь өндөр хэвээр байсаар л. Дээрх үндсэн шалтгаанд тулгуурлан хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдэж буй санаа зорилго, амьтныг агнаж байгаа зориулалт, өртөгдөж байгаа амьтдыг ангилан авч үзвэл, гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоор нь:

а/ ашиг орлого олох

б/ ахуйн хэрэгцээндээ

в/ тодорхой чиглэсэн зорилгогүй зөвхөн зугаа, цэнгэл буюу амьтан алах сонирхлоор гэж ангилж болохоор байна.

Гэмт халдлагад өртөж буй амьтдыг агнаж, ашиглаж буй зориулалтаар нь:

Хүнсэнд хэрэглэх зориулалтаар – хулан адуу, хар сүүлт, аргаль, янгир, цагаан зээр, тарвага, зэгсний болон зэрлэг гахай, бүх төрлийн загас,

-Эм, эмчилгээнд ашиглах зориулалтаар – хойлог, баавгай, хүдэр, буга тэдгээрийн эд эрхтэн

Гоёл чимэглэл, хувцас хэрэглэлийн зориулалтаар – хотон шувууны хошуу, ирвэс, баавгайн арьс, сарвуу, чоно, хүдрийн соёо, загасны толгой хатаамал зэрэг байна.

Сүүлийн 10 жилд хууль бус агнуурт хамгийн их өртсөн амьтдыг эрх зүйн хамгаалалтын хэлбэрээр нь авч үзвэл:

Нэн ховор амьтдаас – цоохор ирвэс, борцгор хотон

Ховор амьтдаас – халиун буга, хүрэн баавгай, хар сүүлт, хойлог шувуу,

Элбэг тархацтай амьтдаас – тарвага, цагаан зээр, загас зэрэг амьтад өртөж байна.

Амьтныг агнах гол хэрэгсэл нь галт зэвсэг хэвээр байна

Судлаачдын онцолсноор ийм төрлийн гэмт хэргийг ихэвчлэн бүрэн болон бүрэн бус дунд, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс болон малчид үйлдэж байгаа ажээ. Иргэдийн эрх зүйн мэдлэг, соёл, ёс суртахууны төлөвшил сул байгаа нь гэмт хэргийн бас нэгэн шалтгаан болж байна.

Гэмт хэрэг үйлдэж буй аргаар нь амьтан агнагч буюу хууль бус анчин, амьтны эд эрхтнийг наймаалагч буюу худалдаалагч гэж хуваан ангилж болохоор байгаа юм.

Агнагч буюу хууль бус анчид нь ашиг хонжоо олох, хувийн хэрэгцээгээ хангах эсвэл хүсэл сонирхолдоо хөтлөгдөн гэмт хэргийг үйлддэг бол, худалдаалагч нь зөвхөн ашиг олох зорилготой. Хууль бусаар ан агнах гэмт хэргийг гадаадын иргэд манай улсын нутаг дэвсгэрт үйлдэх нь цөөн хэдий ч үүнийг анхаарлын гадна орхиж болохгүй. Гадаадын иргэдэд Монгол Улсын хууль тогтоомжийг сурталчлах, таниулах ажил хийх хэрэгтэйг судлаачид анхааруулж байна.

Амьтныг агнах гол хэрэгсэл нь галт зэвсэг хэвээр байна. Монгол Улсын хэмжээнд ангийн зориулалттай 45451 галт зэвсэг бүртгэлтэй. Цагдаагийн байгууллагаас галт зэвсгийн бүртгэлд хяналтыг тогтмол хугацаанд явуулдаг хэдий ч цаашид ашиглалт, хамгаалалт, хэрэглээнд хяналт тавих, галт зэвсэг өмчлөгчийн хариуцлагыг өндөржүүлж, бусдад шилжүүлэхгүй байх зэрэгт шалгалт явуулах шаардлага байна. Судлагдсан хэргээс үзэхэд галт зэвсгээ өмчлөгч нь өөр хүнд шилжүүлэн өгч ан хийлгэх тохиолдол их байгаа юм. Үүнд ямар нэгэн хариуцлага тооцох механизм байхгүй байна.

Хууль бусаар  агнах гэмт хэрэг нь сүлжээ бүхий нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг гэсэн өмнө нь хийж байсан судалгааны үр дүн, энэ удаагийн судалгаагаар дахин батлагдаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн бүтцэд өөрчлөлт ороогүй байна. Сүлжээ бүхий зохион байгуулалттай гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй үйлдлээс нийгмийн хор аюул, үр дагавраар их тул гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үүнд голлон чиглүүлэх шаардлагатай. Ялын бодлого ч уялдах ёстой.

Амьтны эд эрхтнийг хууль бусаар худалдаалах үйлдэл нь олон нийтийн сүлжээгээр дамжуулагдан төвлөрсөн зах, худалдааны бөөний төв зэрэг газарт зарж борлуулагдаж байгаа бөгөөд хууль бус худалдааны урсгал нь төв суурин газар, улсын хил давах чиглэлтэй байгаа ажээ.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргээс үзэхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааны явцад ихэнх нь хохирлоо төлж барагдуулсан байна. Хохирол барагдуулсан байдлаас үзвэл мөнгө төгрөг олох аргагүйн эрхэнд гэмт хэрэг үйлдсэн биш шунахай сувдаг сэтгэлээсээ болжээ гэж дүгнэгдэж байгаа юм.

Хууль бусаар агнах гэмт хэргийн сүүлийн 10 жилд дунджаар 5.6 хувийн өсөлт бүхий статистикт математик загвараар дүн шинжилгээ хийхэд цаашид энэ төрлийн гэмт хэрэг өсөх магадлал өндөр байна.

Улс орны нийгмийн хөгжлийг бүсчлэн хөгжүүлэх төрийн стратегитай уялдуулан гэмт хэргийг бүсчлэн авч үзэхэд нийт гэмт хэргийн 15.3 хувь нь баруун бүсэд үйлдэгдэж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 17.3 хувь, харин хууль бусаар ан агнах гэмт хэргийн 37.3 хувь буюу хамгийн их үйлдэгдэж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тухайн бүсэд, тухайн аймгуудад онцгой анхаарч явуулах шаардлага бодитой байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ