Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албаны ил тод, хүртээмжтэй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлж буй “Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийн нээлт боллоо. Тус системийн хэрэглээ, ач холбогдлыг танилцуулах сургалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид оролцов.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат энэ систем нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж буй томоохон ажил гэдгийг тэмдэглэв. Мөн “Төрийн албаны чадамж гэдэг бол албан хаагчдын чадамжийн сэргэлт гэсэн үг. Төрийн алба хангалттай хүний нөөцтэй байна уу, албан хаагчдынх нь чадамж ямар түвшинд байна, гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хийх, төрийн албаны бүтээмжийг хэрхэн сайжруулах, төлөвлөх вэ гэдэгт нэгдсэн цахим систем шаардлагатай байсан. Нөгөө талаас төрийн албан хаагчийн мэдээлэл өөрт нь нээлттэй болж, албан хаагч өөрийн мэдээллийг засварлах, шинэчлэх боломж бүрдэж байна” гэлээ.
Уг систем нь нийт 16 модультайгаас Мэдээллийн нэг цэг, ил тод байдал, Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн сангийн холболт, Цахим хүний нөөцийн удирдлага, цахим хяналт гэх таван модуль бүхий эхний хувилбар хэрэглээнд нэвтэрч байна. Мэдээлэл чанаржуулалт, процесс хялбарчлах ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулж, системийн хөгжүүлэлтийг тогтмол хийх юм.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Ийм систем” нэвтэрснээр гүйцэтгэх засаглалын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн албан хаагчид, байгууллагуудын мэдээлэл илүү хэрэглээний түвшинд гарч байна” гэв.
“Засгийн газрын хүний нөөцийн цахим систем”-ийг нэвтрүүлснээр төрийн албаны хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах, системийн мэдээлэлд суурилсан өгөгдлийг төрийн албан хаагчийн цалин, нэмэгдэл, нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд албан хаагчийн тэгш оролцоо, шударга байдлыг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.
0 cэтгэгдэлтэй