ТӨСӨВ, ТӨСЛИЙН ДАВХЦЛЫГ АРИЛГАХ ШИДТЭЙ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЗАГВАРЫГ Л ДЭМЖЬЕ

2024-10-30 104 0

Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Нийслэлдээ 9 дүүрэг, 200 орчим хороотой. Энэ нь эдийн засгийн зарцуулалт, төсвийн хуваарилалтыг үрэлгэн батлагдах үндсэн суурь нь болдог. Тухайлбал, аймаг, сум, дүүрэг, хороод биенээсээ уялдаж хамаарахгүйгээр тусдаа хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалт, төсвийн захиран зарцуулах зурагаа гаргадаг. Аймаг нь Соёлын төв барьчихаад байхад сум нь дахин Соёлын төв барих гээд төсөвт суулгуулдаг. Ийм давхцлаас болж хэт өөдрөг, үргүй зардал шингээсэн, ач холбогдлоороо маруухан төсөв батлагдахад хүрдэг.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гол бодлого болж, 126 түшээг зангидах, гойд анхаарч ажиллахыг уриалсан Бүсчилсэн хөгжлийн реформ нь зөвхөн УИХ-ын гишүүдийн ажиллах хүрээг зааж өгсөн, сонгуульд зориулагдсан улс төржсөн нүүдэл биш юм. Аймаг, сумд газар нутгийн байршлын онцлог, хүн амын тоо, нутгийн брэнд хөгжүүлэлтээ түшиглэж илүү эдийн засагчаар хөгжихөд анхаарах тухай л юм.

Өөрөөр хэлбэл, баруун бүс буюу Ховд аймагт цементний үйлдвэртэй. Тэгэхээр бусад аймаг, сумдад дахин цементний үйлдвэр барих шаардлагагүй гэсэн үг. Ховдын цементийг бүсийнхэн нь худалдан авах байдлаар аймаг, сумд нэг нэгнээ дэмжиж, үйлдвэрлэл, эдийн засгийн орчныг нь сайжруулахад эргэх холбоотой хамтарна гэсэн үг.

Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлээ түлхүү хөгжүүлж бусад аймаг, сумдаа хангах байдлаар бүгд үйлдвэрлэгч, хэрэглэгч болоход зорино гэсэн үг. Тэгэхээр бүсчилсэн хөгжил гэдэг нь аймаг орон нутгууд биенээсээ харилцан хамаарч хөгжлийн төлөвлөгөөгөө зурдаг, нягт хамтарч ажилладаг, эдийн засгийн гинжин холбоог бий болгоход голлох бодлого болох нь.

Бүсчилсэн хөгжлийн реформыг эхлүүлэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүс нутгуудын тэргүүлэх чиглэлийг ч гаргасан байдаг нь ч учиртай. Тодруулбал,

Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхай, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйдаа түшиглэсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтаар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтойг зарлачихсан. Нийслэл Улаанбаатар хотыг төр, эдийн засаг, соёлын бүс гэчихсэн.

Эрдэнэт бол үйлдвэрлэл, инженер, технологийн шийдлээр гайхуулах загвар хот. Булган, Хөвсгөл аймаг мал аж ахуй, газар тариалан, өрхийн үйлдвэрлэлээр гойд онцгойрох боломжтой. Бүсчилсэн хөгжил гээчийг эдийн засгийн агуулга, өгөөж талаас нь энэ мэт загвараар ойлгож, хөгжүүлж чадвал бүс нутгууд бие биеэ нөхсөн, бүтцээр буюу кластераар хөгжих чадамжтай, улсаас төсөв горьддоггүй болно. Төсөв, төсөл хоёр давхацдаггүй болно.

Холбоотой мэдээ