Д.Урантунгалаг: Тоглолтод минь ҮУИТ-ын их найрал, бүжигчид хүч нэмнэ

2024-11-08 80 1

Жүжигчин, уртын дуучин, урлаг судлаач Д.Урантунгалагтай ярилцсан юм. Тэрбээр энэ сарын 12-нд “Корпорэйт конвеншн центр”-т уран бүтээлийн анхны бие даасан “Цагаан шүхэрт” хэмээн нэрийдсэн тоглолтоо хийхээр зарласан билээ. Түүний фэнүүд хэдийн мэдээлэлэл аваад, тоглолт үзэхээр завдаж буй биз ээ.

Жүжиглэдэг, дуулдаг, судалдаг, ер хэдийдээ амжуулдаг юм гэхээр гавшгай уран бүтээлч энэ удаагийн тоглолтоороо Монголынхоо хөгжмийн зохиолчдын нэрийн хуудас болсон дууны уран бүтээлүүдээс голдуу хүргэхээр зэхжээ.

Тоглолтод нь түүний ажиллаж байсан ҮУИТ-ын Үндэсний хөгжмийн их найрал, бүжиг ангийнхан дэмжин хүч нэмэх юм. Д.Урантунгалаг ҮУИТ-т уртын дуучнаар долоон жил ажилласан түүхтэй. Түүнтэй яриагаа ийн үргэлжлүүлэв.

-Та жүжигчин, дуучин мэргэжилтэй юм билээ. Эхлээд алийг нь эзэмшсэн бэ?

2006 онд СУИС-ийн драмын жүжигчний анги төгссөн. Багш маань Н.Ганхуяг. Дараа нь 2010 онд СУИС-ийн уртын дууны ангид эчнээгээр суралцахаар элссэн. Мэргэжлийн багш минь Б.Батболд агсан. 2015 онд уртын дууны ангийг бакалавраар төгссөний сацуу урлаг судлалаар магистр хамгаалсан юм.

-Жүжигчин мэргэжлээрээ ажилласан уу?

-Драмын анги төгсөх жилээ “Шинэ үе” продакшнаас драмын жүжигчдийн дунд явуулдаг байсан “Театр-Шинэ үе” уралдаанд оролцож, “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал авснаар тэнд ажиллах эрх авч, хэсэг хугацаанд ажилласан. Тэр үед нөхөртэйгөө танилцсан. Анхныхаа хүүхдийг төрүүлсний дараа “Маск” продакшнд урилгаар ажиллаж байлаа.

– Уран бүтээлч хүний нөр их хөдөлмөр, амьдралдаа зарцуулах цаг хугацааны хувьд ойлгомжтой байх, Гэр бүлийнхээ талаар танилцуулна уу?

– Би СУИС-иа төгсөөд ханьтайгаа танилцсан. Хурдан морьд малтай, малчин удмын залуутай амьдралаа холбосон. Бид 4 хүүхэдтэй. Миний ханийг Т.Ихбаяр гэдэг. Одоо Монгол улсын тод манлай уяач болсон. Хань минь намайг бүх талаар дэмжиж тусалж, урам өгдөг. Би өөрөө ч багаасаа морь маланд эрэмгий байсан болохоор учрал төөргөөр хүлэгчийн гэргий болж, ар гэрийн ажил амьдралаа залгуулж явна.

 -Одоо хийх гэж байгаа тоглолтоо яагаад “Цагаан шүхэрт” гэж нэрлэсэн бэ?

-Дуулах нэг дууны минь нэр ийм юм. Алдарт зохиолч Ч.Лодойдамба гуайн охин хөгжмийн зохиолч, УГЗ Л.Насанбат гэж маш олон сайхан дуутай уран бүтээлч байдаг. Түүний бүтээл л дээ. Хүндэлж, сүсэлж дуулдаг, их учир утгатай дуу. Бүтнээр нь “Цагаан шүхэртийн адис уу даа” гэдэг. Үгийг нь Н.Доржготов бичсэн.

“Цагаан шүхэрт” тоглолт маань гурван хэсгээс бүрдэнэ. Эхэнд нь би ардын дуунуудыг Үндэсний хөгжмийн их найралтай дуулах юм. Хоёр дахь хэсэгт хөгжмийн зохиолчдын дуунуудыг бичлэгээр, дараа нь хоёр ч бэсрэг дууг орчин үеийн хэлбэрт оруулж найруулснаар хүргэх юм. Хоёр зочин дуучинтайгаар, ҮУИТ-ын бүжигчдийн зургаан бүжиг гэсэн байдлаар тоглолтоо төлөвлөсөн.

-Баялаг юм аа.

-Анх удаагийнх, цаашид ийм том бүрэлдэхүүнээр мөддөө тоглолт хийхгүй болов уу гэж санаад хичээж байна. Үзэгчдээ сэтгэл хангалуун байлгахыг ихэд хүсэж байна. Үндэсний урлагийн их театрын дуучин гэдэг хэн хүний хүслээр олддоггүй эрхэм алдар хариуцлага, хичээл зүтгэл шаарддаг юм байна.

-Тоглолтын тань хажуугаар урлаг судлалын магистр цол хамгаалсан сэдвийн тань талаар асуумаар санагдсан юм. “То вангийн хошуу наадам-Хөгийн найман багачуудын дэг” сэдвийн хүрээнд та юу илрүүлсэн бэ?

-Тухайн үед То вангийн хошуу наадамд дуулагдаж байсан зургаан дууг сэргээн дуулсан.

-Ямар зургаан дуу вэ?

-Тэр үеийн наадмаар гурван том асар засдаг байжээ. Гол нь ноёдынх, хажуугийнх нь хатдынх, гурав дахь нь лам нарынх. Наадам эхлүүлэхдээ энэ гурван асарт суугаа хүмүүст зориулж дуулдаг байсан юм билээ. “Адис төгс багш лам”-ыг лам нарт, “Үлэмжийн чанар”-ыг хатдад зориулж дуулдаг байсан жишээтэй. Хурдан морь уралдаж, барианд орох үед “Түдээ нь үгүй” гэж, төд удалгүй давхиад ирлээ гэсэн утгатай дуу дуулдаг байжээ.

-Тоглолтдоо энэ дуунуудаас оруулж байгаа юу?

-Үгүй. Энэ удаа ардын дуу, хөгжмийн зохиолчдын бүтээлүүд гэж дагнаж байгаа юм.

-“Цагаан шүхэрт” тоглолт нь их өвөрмөц найруулгатай гэж сонссон. Зах зухаас нь сонирхуулж болох уу?

-Үзэгчид ирээд харах нь илүү амттай болов уу гэж бодож байна.

-Тийм дээ. Тоглолтод нь амжилт хүсье.

-Баярлалаа.

Р.Жаргал

Холбоотой мэдээ