Хөх Монголын заяа их ээ гэж үг бий. Заяа нь их ч зайлшгүй шийдэх асуудал нь ч бишгүйг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед бид харж байна. Мэдээж үе үеийн Засгийн газар, түүний тэргүүн, танхим өөр өөрийн хэм хэмжээ, бүтэц, зохион байгуулалт, бодлого, чиг үүрэгтэйгээр ажилласаар энэ цагтай золгосон. Энэ Засгийн газрын эхлүүлсэн суурь реформын шинжтэй бодлогууд, мега төслүүд, эдийн засгийн эерэг өсөлтүүд, авлигын эсрэг ажиллагаанууд, олон улс-гадаад хамтын ажиллагаа, орон сууцжуулах хөтөлбөр, баялгийн сантай холбоотой бодлогын алхмууд, гадаад өрийн дарамтаас ангижрах гэсэн тэмүүлэл, Үндсэн хуулийн өөрчлөлт, Бүсчилсэн хөгжлийн үе шат, парламентын түүхэн бүтэц, бүрэлдэхүүн гээд тоочвол зориглосон шийдэлтэй ч хүлээлтээс давсан үр дүнг харуулахыг шаардаж байна.
Энэ хүлээлтийн эхэнд иргэдийн орон сууцтай болох мөрөөдөл эрбэлэгдэх нь гарцаагүй. Нийгмийн шаардлага нь ч орон сууцжуулах хөтөлбөр, бодлогыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас нэхэж байна. Яг энэ хэрэгцээг Ерөнхий сайд олж харсан учир Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны анхдугаар хурлыг өчигдөр хийлээ. Хорооны анхдугаар хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахаллаа.
Хурлаар Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын талаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, өнөөгийн нөхцөл байдал, үндэсний орон сууцжуулалтын бодлого, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ипотекийн зээл бусад арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Манай улсын нийт өрхийн 30 хувь нь орон сууцанд, 70 хувь нь инженерийн дэд бүтэцгүй байшин хороолол, гэрт амьдарч байна. Үүнээс Улаанбаатар хотод 273,736, аймгийн төвд 144,308, сумын төвд 295,775 өрх орон сууцгүй байна.
Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөрт багтааж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд болон Үндэсний хорооны гишүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа.
Үүнд:
– Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль болон орон сууцжуулалтын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэн боловсруулж, УИХ-д өргөн барих,
– Иргэдийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг дэмжих бодлого, стратегийн зураглал, төлөвлөгөө боловсруулах, Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргах,
– Амины орон сууц болон ногоон орон сууцны стандарт, жишиг загвар, баталж, хэрэгжүүлэх, амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлж, шаардлагатай зохицуулалт хийх,
– Үндэсний орон сууцжуулах төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэр нэмэгдүүлэн, шугамын өргөтгөл хийх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх,
– Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх, аймаг орон нутагт дэд бүтэц байгуулах төлөвлөгөө боловсруулж, танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Ерөнхий сайдын даалгавар биелэх эсэхээс хамаарч утаанаас салах гарц буюу улаанбаатарчуудын орон сууцанд амьдрах гэсэн мөрөөдөл биелэнэ. Энэ бол биелэх боломжгүй тэнгэрийн санаа биш. Дэлхийн хот улсуудын нийтлэг бодлого юм. Яндангуудаа буулгаснаар иргэд тав тухтай сууцанд нийтээрээ амьдарсан, үр дүнд нь утааг умартсан.
0 cэтгэгдэлтэй