Утаа, түгжрэл, цахилгааны хязгаарлалт, ханиад томуу…гээд олны анхаарлын төвд амнаас ам дамжин байх сэдвүүдээр буцалж байна, Монгол Улс. Яг энэ үеэр Ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгаантай БНСУ-ыг зорьсныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснийг цахим сайтууд онцолжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ч Засгийн газрын сайд нарыг өрөөндөө дуудаж банга хүртээхдээ энэ тухай “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэх шалтгааны улмаас эх орондоо байхгүй”-г хэлнэ билээ. Харин ард иргэд, олон нийт Ерөнхий сайдаа хайв.
Монгол Улсын Ерөнхий сайдын алба гэгч ямар хариуцлагатай, улс төр болон нийгмийг эмхлэхэд ямар чухал, иргэдийн амьдрал, улс орныхоо амар амгалан, ёс журамтай, хэм хэмжээтэй байдлын утга учир болохыг Л.Оюун-Эрдэнийн эзгүй өдрүүдэд монголчууд хангалттай сайн харж байна.
Тэр эзгүй энэ өдрүүдэд аав эзгүй гэр шиг үймж байна, Монгол Улс. Түүнийг эзгүйд тогоогоо үүрээд ээж хаашаа ч юм ихээ холд явчихсан мэт ханхайж байна, улс төр. Асуудал өрнөвч хэндээ хандахаа мэдэхгүй дэмий л бухимдаж, ажил ундравч хий хөөсрүүлэн сэвж нийтээрээ шуугицгаах.
Мэдээж Ерөнхийлөгч ч бай, Ерөнхий сайд ч бай хүн. Өвдөх, амрах, ядрах, эмчлүүлэх, баярлах, бухимдах, уйлах, хайрлах гээд бидний нэгэн адил хүн ёсны эрхтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад өвдөж, эмчлүүлж яваа юм байна. Түүнийг эх орондоо эмчлүүлсэнгүй хэмээн баалж, өвдөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах ч эрхгүй мэт авирлагсад ямар их вэ. Түүнийг эзгүйд нийтээрээ, нийгмээрээ галзуурчихгүйхэн шиг гал алдчихгүйхэн шиг, гар харсан нялхас шиг байж байхгүй юмсан.
Асуудал эрхэлсэн сайдууд нь чиг үүргийн ажлуудаа хийгээд, айл гэрийн эзэн шиг УИХ, Засгийн газрын гишүүд нь хэвийн дориун ажиллацгааж, иргэд нь самуунгүй, амар тайван, арчаатай, анхиатай айл шиг сууцгаахсан даа. Тэр эзгүй тав хоноход л төрийн зай эзгүйрч, түмэн олон нь үймцгээж байна. Монгол Улсын Ерөнхий сайд гэх алба юутай чухал, яасан ч чөлөөгүй албан тушаал вэ дээ. Өвдөх нь бүү хэл үхэх ч эрхгүй алба байдаг л юм байна.
0 cэтгэгдэлтэй