“Авлигын эсрэг” гэх үг албан тушаалтнуудын аманд зохихоо байсан шүү, гишүүд минь

2021-02-24 681 0

УИХ гэх хууль тогтоох, батлах дээд байгууллагын хэсэг нөхөд “Авлигын эсрэг бүлэг” байгуулжээ. Инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг энэ бүлгийнхэн одоогоор юу хийх, ямар учраас дээрх лобби бүлэг байгуулахаар болсноо төдийлөн дэлгэрүүлсэнгүй. Ангийн нөхдийнхөө халаасыг ухаж, хэтэвчийг сэгсэрч үзүүлэх юм болов уу, оффшорт данстай, олон арван тэрбумын хөрөнгөтэй нэгнийхээ хөрөнгө орлогын эх үүсвэрийг дэлгэх юм уу бүү мэд. Ямар ч байсан юунд зорьсон нь туйлын тодорхойгүй ч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлуулсан, Ц.Мөнхцэцэг, Х.Булгантуяа, С.Одонтуяа, Т.Доржханд, Б.Энхбаяр нарын оролцоотой “Авлигын эсрэг бүлэг” байгуулагдчихлаа.

Түүнийгээ нэг их том ажил өрнүүлэх бүлгэм юм шиг хэд хоног шоудав. Тэднийхээр бол Авлигатай тэмцэх газраас илүү ажиллах юм байх. Гэхдээ ер нь манайд нэг гажуудал ёс юм шиг тогтлоо. Тэр нь албан тушаалын болоод, ажил үүргийн хуваарь, нэр томъёоны давхцал.

Дээрх зургаан гишүүний бий болгож байгаа “Авлигын эсрэг бүлэг” гээчийг сонссон хэн бүхэн төрийн ордон тэр тусмаа гишүүдийн дунд Авлигатай тэмцэх газрын бичил хувилбар ажиллах юм байна гэж ойлгогдхоор. Гэтэл УИХ-ын ёс зүйн хороо нь ч тогтсон дэгээрээ ажилладаггүйг ард түмэн мэднэ. Тийм л учраас эвсэх, намжих, талцах, хэд гурваараа хуваагдах туйлын сонирхолтой манай улстөрчдийн нэгдэл юуны тулд нэгдэнэ вэ гэдгийг олон нийт ажиглаж байна.

Хэрэв уншигч та санаж байгаа бол дээрх лобби бүлгийн ахалж буй УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар  “Авлигын эсрэг парламентчдын бүлэг” гээчийг 2010 онд байгуулж байсан билээ. Хамгийн гоё нь тухайн үедээ энэ бүлэг тун чиг моданд орсон юм.

Хүн бүр энэ үед амандаа авлигын эсрэг гэх үгийг бараг л угж мэт хэлдэг, дээрх үгийг олон хэлж чадсан нь од мэт байв.  Харамсалтай нь, өдгөө энэ бол шинэ зүйл биш болжээ. Харин ч инээд, ханиад болсныг олон мэднэ. Өнөөх л хуучин хаяг, хуурамч шошго.

2010 онд манай парламентад төвхнөж эхэлсэн дээрх бүлгийнхний хэн нь хэн бэ, ямар гээчийн бохирт хутгалдсан бэ, нэр цэвэр, гар цэвэр биш гэдгийг монголчууд олон баримтаар иш татан мэддэг болсон учраас өнөөдрийн “Авлигын эсрэг бүлэг” гээчийн чиг шугамд итгэхгүй байх нь ч аргагүй. Р.Бурмаа, Ш.Түвдэндорж, Ц.Даваасүрэн, С.Оюун, С.Бямбацогт, С.Ганбаатар, С.Дэмбэрэл, Я.Содбаатар нарын гишүүдээр эгнээгээ тэлж байсан 2010 оны лобби бүлэг Монголын улс төрд ямар дэг бий болгож, ямар ёс суртахуун төлөвшүүлсэн юм бэ.

Ингээд 2016 онд юу хийдэг нь тодорхойгүй өнөөх бүлэг дахиад л байгуулагдсан. Энэ удаад, Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан нар багтаж байлаа.

Тэд бүгд хэрхэн төр, түмний нүд рүү эгцэлж байгаад попрох, урвах, зугтах, бултах, асуудлаас зайлсхийх вэ гэдгийг л толгой дараалан үлгэрлэсэн.

Одоо ч тэдний улс төр дэх карьер, шунал, өөрсдийн орон зайг тэлэх гэсэн хүсэл хумигдаагүй нь харагдлаа. “Авлигын эсрэг” гэх үг албан тушаалтнуудын, эрх мэдэлтнүүдийн аманд зохихоо байсан энэ цагт зургаан гишүүн бүү хэл, тэмцэх газар ажиллаад дийлэхгүй байна шүү дээ.

Бүлэг, задрал ярьж өнөө маргаашаа аргацаан шоудаж байхаар сонгогчидоо соён гэгээрүүлэх, залуусаа нийгэмшүүлэх, өдөрт хэдэн арваараа түймэрт эрсдэж байгаа бяцхан үрсийнхээ амины төлөө нөлөөллийн ажил хийгээч. Оновчтой бодлого яриач. Доод, дунд шатны дарга, даамлуудаа хүний төлөө гэх сэтгэл, зүтгэлтэй ажиллуулаач. Нүдэнд үзэгдэж, гарт баригдах бодит ашиггүй, агаарын, тэнгэрийн асуудлаар лоббиддогоо одоо болио, гишүүд минь.

Холбоотой мэдээ