З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Хүүхдийн гэсэн бүхнийг хойшлуулах хэрэггүй, Ерөнхий сайд аа

2021-03-01 987 2

Шинэхэн Ерөнхий сайд ажлаа авсан даруйдаа бизнесийнхэнтэй уулзаж, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийн ажлуудтай танилцахын зэрэгцээ өнгөрөгч амралтын өдрүүдэд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаачидтай хүртэл уулзаж, гэгээн дүрээ харуулаад амжсан. Хатуу хөл хорионы улмаас уналтад орсон эдийн засгаа өөд татах нь Ерөнхий сайдын хувьд энэ цаг үед юу юунаас илүү чухал нь мэдээж.

Гэхдээ ямар ч цаг үе тохиосон байлаа ч Ерөнхий сайдын хувьд хэзээд чухалд тооцогдох нэг асуудал бол хүүхэд хамгаалал юм. Засгийн газрын хүүхэд хамгааллын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч төрийн төв аппарат өнөөдрийг хүртэл удирдлагагүй байна. Шинэхэн Ерөнхий сайд маань ид хийж бүтээж яваа сэтгүүлчийг хэвлэлийн төлөөлөгчөөрөө томилж, Олимпын аваргуудаар зөвлөхүүдийн эгнээгээ зузаатгаж байгаагаас харахад хүүхдийн гэсэн болгонд хойрго хандаад байх шиг.

Сар шинийн өмнөхөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн томилохоор яригдаж байсан ч өдгөө таг чиг болчихлоо. Урт удаан хөл хорионы дараа ЕБС-ийн танхимын сургалтыг эхлүүлэхээр яригдаж байгаа энэ үед хүүхэд хамгааллын бодлого зангидагч тус газрын оролцоо, санал зөвлөмж юу юунаас чухал цаг юмсан.

ГБХЗХГ-ын өмнөх удирдлага Биокомбинатын даргын халааг залгуулахаар зэхэж буй. Гэтэл одоо шинэ удирдлага томилогдоогүй гэх нэрийдлээр ГБХЗХГ-ын хамаг л ажил гацчихаад байна. Уг нь Ерөнхий сайд цахим шилжилт хийх замаар төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, түргэн шуурхай болгоно гэж байгаа ч үнэн царай нь эсрэгээрээ байгаагийн нэг жишээ нь ГБХЗХГ-ын даргын томилгоо болж таарлаа.

Тус агентлагийн даргаар мэргэжлийн, сэтгэлтэй хүнийг томилох талаар өнгөрөгч оны наймдугаар сараас хойш яригдсан. Үлдэх хүнээр ачаа бүү татуул, үргэх мориор эсгий бүү татуул гэдэг шиг өмнөх удирдлага нь ч УИХ-ын ээлжит сонгуулиас хойш энэ салбарт дорвитой ажил хийгээгүйдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл шинэ удирдлага байдаггүй. Алгуурлах эрх хүүхэд хамгааллын салбарт байдаггүйг албан ёсны статистикууд харуулж байна. Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны мэдээгээр 2018-2020 онд гэмт хэргийн улмаас 298 хүүхэд амь насаа алдаж, 1700 хүүхэд гэмтэж бэртсэн бол 2469 хүүхэд ямар нэг байдлаар хохирчээ. Энэ бол өдөр бүр дунджаар 4-5 хүүхэд гэмт хэрэгтнүүдийн балмад үйлдлийн золиос болдог гэсэн үг юм.

Тиймээс хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэгч төв байгууллага болох ГБХЗХГ-ын даргыг яаралтай томилох хэрэгтэй байна. Тэгэхдээ мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүрхээрээ энэ албан тушаалд тэнцэх хүнийг томилохыг Ерөнхий сайд танаас хичээнгүйлэн хүсье. Хамгийн сайн ур чадвартай хүн нь хамгийн өндөр албан тушаалд томилогддог МЕРИТ зарчмын дагуу томилж байж энэ салбарт сэтгэлтэй, шинэчлэлт өөрчлөлт хийж чадах мэргэжлийн удирдлагатай болно. Түүнээс биш МЕРИТ зарчмыг гуйвуулж өнөөх л төрийн албаны шатлан дэвшүүлдэг зарчмаар томилгоо явагдвал хүүхэд хамгааллын салбар хөл дээрээ босохгүй, өнгөрсөн дөрвөн жил шиг бахь байдгаараа үргэлжилнэ.

Хоолойд тулсан их ажлыг шинэ Засгийн газрын 100 хоногт амжуулахаар ажиллаж байгаа ч хүүхдийн гэсэн бүхнийг хойш тавьж болохгүй гэдгийг ЕРӨНХИЙ САЙД Танд сануулмаар байна.

Холбоотой мэдээ