Дарханчууд хүүхэд хамгааллаа эрчимжүүллээ

2021-03-11 1298 0

Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ЕБС, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг эхлүүлэх Засгийн газрын шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргал бүх шатанд хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулахаар болжээ.

Аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын хууль тогтоомжуудыг илүү сайн хэрэгжүүлж бүх түвшинд хүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг мөрдөж ажиллахыг иргэд, олон нийтэд уриалж, хувийн болон төрийн бүх шатны байгууллагад даалгажээ.

Тухайлбал, төрийн байгууллагууд “Эцэг, эхийн зөвлөл”-өөр дамжуулан бага насны хүүхдийг үл хайхрах байдалд өртөх, харгалзах хүнгүй үлдэхээс, гал түймрийн аюул болон ахуйн осолд өртөхөөс сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн заавар зөвлөмжийг тогтмол өгч ажиллахыг даалгажээ.

Харин сум болон багийн хамтарсан багуудад харъяа нутаг дэвсгэрийн замын далан, ухсан нүх, суваг шуудуу, траншей, худаг, дээврийг гарцыг хааж таглах, битүүлэх, анхааруулах тэмдэг байршуулах, цахилгааны ил задгай шугам зэрэг хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй зөрчлүүдийг яаралтай арилгах, сургууль болон цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай орчмын гэрэлтүүлэг, камержуулалтаас эхлээд орчны аюулгүй байдлыг хангахыг даалгасан байна.

Мөн аймгийн Онцгой байдал, Цагдаагийн болон Тээврийн цагдаа, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Захирагчийн ажлын алба, хүүхдийн асрамж халамжийн байгууллага, өдөр өнжүүлэх төвүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хариуцсан чиглэлийн дагуу хүүхэд хамгаалалд анхаарахаар даалгасан нь салбарын дундын хамтын ажиллагааг сайжруулах чухал алхам болжээ. Түүнээс гадна хувийн хэвшил, олон нийтэд хүүхдийн эрх, хамгааллын ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Аймгийн засаг дарга Б.Азжаргалын гарын үсэгтэй тус албан даалгаврын хэрэгжилтийг сар бүрийн 25-ны дотор аймгийн ГБХЗХГ-т ирүүлж, улирал бүр Хүүхдийн төлөө зөвлөлд тайлагнаж ажиллах юм байна.

Холбоотой мэдээ