Зовлон, жаргалд элгэмсдэг Өвөрмонголчууд минь ээ

2021-03-12 590 0

Хилээрээ хязгаарлагддаг ч элэг нь наашаа ард түмэн бол Өвөрмонголчууд. Ар өвөр гэсэн хоёр “эрэг” дээрээс биенээ саравчлан зогсох өвөг нэгтэй ахан дүүсээс илгээж буй тусламжийн цуваа Монгол руу зүглэлээ.

Монголд цар тахал бүртгэгдэж асан цагаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас амны хаалт, хамгаалалтын хувцас, бээлий зэргийг хандивлаж байсныг бид мартах учиргүй.

Харин энэ удаад дахин туслах болсноо цахим уулзалтын үеэр дурдаад, Монгол Улсын Соёлын яам, МСНЭ-д  тус бүр  30 мянган амны хаалт, 10 мянган бээлий, МУЗН-т 210 мянган юань хандивлаж байгаагаа дуулгалаа.

Энэ үеэрээ “Анд нөхөрийн бус ахан дүүсийн сэтгэл шингэсэн шүү. Мянган бээрийн алсаас 30 мянган сувдан цагаан хонио туугаад, бэрх цагт биднийг зорьсон монголчуудынхаа халуун сэтгэлийн хариуд зүгээр сууж түвдэхгүй. Зовлон жаргалын алинд нь ч цагийн байдлыг ажрахгүй давахын тулд хамтдаа байна” гэдгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын төлөөлөгчид онцоллоо.

МСНЭ-ийн Телевиз хариуцсан Дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Дэлхий нийтээрээ “Ковид-19” цар тахалтай тэмцэж байна. Энэ үед Өвөрмонгол ахан дүүс сэтгэлийн дэм, хандив тусламж илгээж байгаад талархлаа илэрхийлье. МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын  Засгийн газартай хамтын ажиллагаатай явж ирсэн. Хоёр талын хамтын айлчлал, сурвалжлагыг жил бүр зохион байгуулдаг. Бидний хамтын ажиллагаа хоёр орны харилцааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж  байгаа” гэдгийг онцоллоо.

Хэрэв уншигч та санаж буй бол Өвөрмонголчуудаас…гэсэн шошготой элдэв тусламж байсхийгээд л Монголд хүргэгдэн ирдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрөгч арваннэгдүгээр сарын эхээр амьжиргааны төвшин доогуур иргэдэд тусламж илгээсэн бол арванхоёрдугаар сарын эхээр 50 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлаж байв. Мөн үүний дараахан Дархан-Уул аймгийнханд хаяглаж мөн л тусалж байсныг мартах учиргүй. Энэ мэт түүхийн нарийн сэжмээр хүйн холбоотой Өвөрмонголчууд ар монголчуудынхаа зовлон, жаргалд элгэмсдэг нь юутай сайхан бэ. Сайхан сэтгэлийн дэм тус багаддаггүй гэдэг дээ.

Өнөөдөр цахимаар өрнөсөн аргахэмжээнд манай талаас Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,  МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа,БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын төлөөлөгчид оролцлоо. Уулзалтын төгсгөлд МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Та бүхний үзүүлсэн мөнгөн тусламжаар олон хүүхэдтэй эхчүүд, амжиргааны түвшин доогуур өрхөд хүнсний тусламж олгоно. ӨМӨЗО-ны иргэд нэгдэж, 2500 өрхөд хүнсний тусламж үзүүлсэнд талархаж байна” гэв.

 

 

 

Холбоотой мэдээ