Э.Эрдэнэбаатар: Иргэд орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна

2021-04-01 659 0

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 27-ны  А/221 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна.

Зөвхөн хүндэтгэх үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солилцох ажилчдыг ПСР шинжилгээ, тухайн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргаж байгаа.

Мөн гуравдугаар сарын 26-ны УОК-ын 10 дугаар хурлын тэмдэглэлээр Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэрлэлт, хадлан тэжээл, уул уурхайн ээлж солилцохоор зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас олгоно. Бусад аймгийн хувьд НОК болон аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот руу орох иргэдийн хөдөлгөөний хувьд ногоон бүс буюу халдвар илрээгүй бүс нутгаас ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлнэ. Харин өвчлөл бүртгэгдсэн, халдварын тархалтын улаан түвшинд шилжсэн аймгуудаас иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. Учир нь улаан түвшинд шилжсэн аймгууд ПСР-ын шинжилгээ авах лабораторигүй.

Харин нийслэлийн ойр орчмын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийг иргэний үнэмлэхийн гэрийн хаягийг үндэслэж нэвтрүүлнэ.

Мөн аж ахуйн нэгжийн байгууллагын ажилчдыг тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл буюу ажлын байрны тодорхойлолт, тухайн ажилтны ажлын үнэмлэхийг үндэслэж, асуумжаар нэвтрүүлж байгаа.

-Иргэд баталгаатай бус замаар нууцаар зорчих асуудал гардаг. Үүнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоос гадна хотын эргэн тойрон дахь баталгаат бус маршрутын зам дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Иргэд хөдөө, орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Оршуулгын үйл ажиллагаанд явах иргэдийн хяналтыг сайжруулж, тухайн орон нутгийн зөвшөөрлөөр иргэдэд зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулж байгаа. Буяны ажлын хүрээнд орон нутаг руу, тэр дундаа халдварын улаан бүс рүү явж байгаа иргэдийг зөвхөн хоёр автомашинтай, 5-7 хүний бүрэлдэхүүнтэй явах зөвшөөрөл олгоно.

-Хот хооронд нийтийн тээвэр явж байгаа юу?

-Хот хооронд явах нийтийн тээврийн үйл ажиллагаа зогссон. Хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэд хулгайгаар зорчихоос гадна иргэдийг тээвэрлэж байна. Бид энэ чиглэлээр “Драгон”, “Лавай”, “Тэнгэр” худалдааны төвүүд дээр байнгын хяналт тавьж, тэндээс иргэд тээвэрлэж байгаа жолооч нарыг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр зогсоож, буцаах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа.

Холбоотой мэдээ