Ургадаг “алт”-аа бүрэн хураачихвал хатуу хорионд ч ажрахгүй

2021-08-30 715 0

                                 -Өнгөрсөн амралтын өдрүүдээр ихэнх нутгаар орсон усархаг бороо, нойтон цас ирэх өдрүүдэд ч элбэгшихээр байгааг УЦУОШГ-аас анхааруулсаар байна-

Хүйтний ам наашилж буй энэ өдрүүдэд хот, хөдөөгүй намар, өвлийн бэлтгэлээ базааж буй. Ялангуяа, тариаланч, ногоочдын хувьд ургацаа бүрэн авах нь тарихаас дутуугүй том ажил. Айл гэр бүхний ширээн дээр шинэхэн талх байх уу үгүй юү гэдгийг шийддэг тариаланч, ногоочдын маань хувьд хавар эрт унасан цасыг “шар тос” хэмээн баярлан бэлгэшээдэг бол намар орой орсон цас, бороог таашаадаггүй. Энэ нь ч аргагүй юм. Хавар, зуны өдрүүдэд арчилж, тордсон бүхнээ байгалийн хүчний өмнө урсгаж мэдэх учраас цаг агаарын нөхцөл байдлыг цаг тутам аждаг.

Хот хөдөөгүй намрын ажил ундарч байгаа энэ үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан оюутан залуусыг ургац хураалтын ажилд гар бие оролцохыг уриалсан. Өөрөөр хэлбэл,  залуус тариаланч, ногоочиддоо туслангаа ажилтай, орлоготой болно гэсэн үг. Энэ уриалга хоёр жил цар тахлаас болж, гэртээ суусан залууст амьдралынхаа хамгийн нандин дурсамжаа бүтээх ховорхон агшин мэт гоёхон сонсогдож байгаа нь “Бүртгүүлмээр байна, хаана хандах вэ” гэх цахим орчинд эрчээ авсан асуултуудаас шууд анзаарагдана.

Ургац хураалт бол байгаль-цаг агаараас ихээхэн хамааралтай, богино хугацаанд хүн, техникийн асар их хүч шаарддаг гэдгийг монголчууд мэдэхийн ихээр мэднэ. Ийм л учраас их, дээд сургууль, коллеж, армийн анги нэгтгэлүүд болон хөдөлмөрийн насны иргэдийг ургац хураалтын ажилд идэвхтэй оролцохын чухлыг салбарын сайд уриалсан хэрэг. Уламжлалыг шинэ агуулгаар баяжуулж,  хорогдол, хаягдалгүй ургацаа бүрэн хурааж авахыг залуус ч уухайлан дэмжихээ эхнээсээ илэрхийлээд эхэлсэн нь сайшаалтай. Олны хүчээр ургацаа бүрэн авчихвал, ирэх өдрүүдэд бид гурил, хүнсний хомсдол ярихгүй, үнийн хөөрөгдөл гэж бухимдахгүй. Тиймээс л “Ургацаа бүрэн авцгаая”.

Аав ээжийнхээ “Атрын анхны шанг татаж явлаа. Илгээлтийн эзэн болж сангийн аж ахуйдад хуваарилагдаж, насны ханьтайгаа учирсан” гэх нандин дурсамж, гоёхон яриаг нь сонсож байгаагүй хүн ховор биз ээ. Залуу идэр насныхаа энэ мэт дурсамжийг ярихдаа тэдний минь нүд гэрэлтэж, сэтгэл нь догдолдгийг анзаарсан ч байлгүй. Үг, өгүүлбэр бүрийнхээ заагт тариа, ногоо бол ургадаг алт юм гэцгээж,  хүн хөдөлмөрлөж чадвал газар эх, баян хангай хоёр монголчуудыг өлсгөхгүй ээ хэмээн бардамнадаг атарчдын гэрт бид өсөцгөөсөн. Нээрээ л ухдаг биш ургадаг алтаа бүрэн хурааж авахын төлөө залуусынхаа хүчийг нэгтгэж чадвал Монгол Улс гурилтай, монголчууд хүнстэйгээ, өлсөхгүй. Цар тахлын хүнд үед ажрахгүй.

                          УРГАЦАА БҮРЭН ХУРААЦГААЯ

ХХААХҮЯ-наас “Ургацаа бүрэн хураацгаая” хэмээн уриалаад байгаа. Ингэж уриалахын учир нь, энэ онд өмнөх жилүүдийнхээс ахиу хэмжээний ургац авах төлөвтэй байгаа юм билээ. Тиймээс усалж, ургуулсан бүхнээ байгалийн болзошгүй гамшигт үзэгдэл, цас бороонд даруулчихгүйн тулд тариаланч, ногоочдоос гадна хүмүүсийн оролцоог чухалчлаад буй.

Ургуулсан хүнсээ алдагдал, хоргодолгүй бүрэн хураавал хүн, малгүй өвөл, хаврыг өнтэй давах нь гарцаагүй.

Олны хүч оломгүй далай гэж үг бий дээ. Ургацын баяраа хийх өдрүүд ойртож байгаа энэ цаг үед үтрэм, ногооны талбай дээр л баян намар шаргалтан өнгөө дэлгэдэг нь намар цагийн үзэсгэлэн билээ.

ЦАР ТАХАЛ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛАСАН Ч ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫНХАН МОНГОЛЧУУДЫГ ХҮНСЭЭР ТАСАЛСАНГҮЙ 

“Ковид-19” цар тахлын улмаас дэлхий нийтээр эдийн засаг муудаж, хоол хүнсний хомсдолд орж, бараа эргэлт муудаж, олон боломж хумигдсан ч монголчууд цагийн байдалд ажирсангүй. Энэ гавьяа хөдөө аж ахуй, хүнсний салбарт ажилладаг хүн бүрийнх гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу.

Тариаланч, ногоочид, малчдын  хөлс хүч, хөдөлмөр зүтгэл монголчуудыг хэцүү цагт бүсээ чангалахад хүргэсэнгүй. Хил хаалттай хоёр жил гаруйн хугацаанд дэлгүүрийн лангуун дээр хүнсний хомсдолгүй байгаагийн бас нэг гавьяа нь салбарын сайдын зөв цагт хэд хэдэн зоригтой шийдвэр гаргасантай ч шууд холбоотой байж мэднэ.

Тухайлбал,  цар тахлын бэрх цагт хүнсний улаанбуудайнд импортын зөвшөөрөл олгосон нь туйлын зөв байв. Өндөгнөөс эхлээд хүнсний өргөн хэрэглээний хэд хэдэн бүтээгдэхүүн тасарч, эрэлт бий болж, үнэ нь өссөнийг бид мэднэ. Тэгвэл энэ хугацаанд гурил, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байж, хомсдол үүссэнгүй нь дээрх шийдвэр зөв байсныг илтгэнэ.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр зөв байв. Хамгийн олон ажлын байрыг хадгалдаг хөдөө аж ахуйн салбарт дээрх зээлийн үр шимийг олон хүн, аж ахуйн нэгж хүртэх тусам бид идэх хоол, шинэхэн талх, эрүүл мах, дотооддоо үйлдвэрлэсэн хүнстэй байх юм.

Эцэст нь, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлсэн нь яах аргагүй зөв санаачилга байлаа. Өрх бүр өөрийн хэрэгцээний ногоогоо тарихыг зорьсноор цар тахлын үед монголчууд гэдэс цатгалан, ханшийн шоконд орохгүй, хомсдолгүй байх боломжтойг харууллаа. Энэ мэт цагаа олсон бодлого, шийдвэр олон хүнд ээлээ өгөв. Одоо харин ургуулсан ногоогоо бүрэн хурааж, ирэх жилийн хүнсээ нөөцөлж авахыг уриалаад байна.

Холбоотой мэдээ