Д.Оюунгэрэл: Дүүргийн хэмжээнд 127 оюутан залуус байгаагаас жилд дунджаар 20-25 оюутан мэргэжил эзэмшиж байна

2022-05-24 435 1

“New story” хөгжлийн хөтөлбөр хүрээнд зохион байгуулж буй залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах үйл ажиллагаа Багахангай дүүрэгт амжилттай үргэлжилж байна. Үйл ажиллагааны талаар Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунгэрэлээс тодрууллаа. 

-“New Story-Хөгжлийн хөтөлбөр” танай дүүрэгт болж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэдэн залууст сургалт зохион байгуулсан бэ, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өсвөр үеийн хүүхэд багачуудад мэргэжлээ зөв сонгоход нь туслах, мэдлэг мэдээллээр хангах, мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “New Story-Хөгжлийн хөтөлбөр” манай дүүрэгт амжилттай болж, өндөрлөлөө. Багахангай дүүргийн нийт хүн амын 30.8 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Дүүргийн хэмжээнд 127 оюутан залуус байгаагаас жилд дунджаар 20-25 оюутан мэргэжил эзэмшиж, хөдөлмөрийн зах зээл дээр гарч байна. Нийт залуучуудын 60 орчим хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 16.8 хувь нь ямар нэг шалтгаанаар хөдөлмөр эрхэлдэггүй.

-Ажил горилж буй залуучууд хэд байна. Дүүргийн хэмжээнд ажлын байрны олдоц бас ямар байдаг бол?

-Ажил горилж буй залуучуудыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлж буй 7 хөтөлбөрт хамруулж, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд холбон зуучлах, хөдөлмөр эрхлэх оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна. Багахангай дүүрэгт залуучуудын хөгжлийг дэмжих, идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурласан олон талт арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлдэг. Дүүргийн хэмжээнд залуучуудын хөгжлийн 27 зөвлөл, бүх байгууллага, аж ахуйн нэгж дээр эцэг эхийн зөвлөл байгуулан үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлээд явж байна.

Холбоотой мэдээ