Коронагаас үүдэлтэй нам гүмхэн байсан Монголын улс төр 24 цагийн дотор л буцалчихлаа. Нэг хоёрхон хүний хариуцлага алдсан үйл явдал нэг намын хагаралдааныг илчлэв. Хэдийн буцалж юу юугүй дэврэх гэж байсан МАН-ын хагарал тавчиктай эх, нярайд хандсан ХӨСҮТ-ийн эмч нарын цэвдэг харилцааны хэмжүүр дээр тогооноосоо халилаа. Ядаж байхад Ерөнхийлөгчийн сонгууль угтсан МАН-ын хамаг бүдүүн дарга нар дотоодын бэлтгэлээ базааж, байдал эвгүйтэхэд л үхэр буугаа тавих бүрэн бэлтгэлээ базаачихсан байсныг хэлэх үү, жирэмсэн эхийн тусгаарлах байр руу “ачигдсан” дүр зураг асуудлыг дэвэргэх сайхан шалтаг боллоо. Хэдэн нүүдлийн цаадахыг харж, цаг үеэ мэдэрдэг, хүүгээр бэрс, ноёноо цодолж унагах уран нүүдэлтэй байх нь туршлагатай улстөрчдийн унаган чадвар гэдгийг МАН гэх “хайнаг шар” хөллөсөн ноёд харуулж байна. Яг ийм чадварын өмнө “ПОП”-ын хаан байгаад ч нэмэргүйг У.Хүрэлсүхийн Засгийн газар баталлаа. Одоо харин юу болох вэ гэдэгт олон нийт гашилцгааж байна.
Иргэдийн нэг хэсэг нь бухимдсан жагсагчид “Жоомоо алах гээд гэрээ шатаачихлаа” гэж байгаа бол нөгөө талд “МАН-ынхан ноёноороо оролдвол толгойгүйн жишээ болов” гэцгээж байна. Толгой тасалдаг ноён нь тэгвэл хэн бэ. Тэд хэнийг гомдоов. Хэнээр оролдов гэдгээ бодоод үзвэл ноёны дүр зураг эрхгүй тодорно.
Гэхдээ хамгийн сонирхолтой нь, ноёны сахлаар оролдохын төдийд л У.Хүрэлсүхийн гэсэн бүхэн “арчигдах” нь ийм амархан байх нь ээ. “Сү” овогтон хааны байр байцыг зураглавал өдгөө шүдээ чигжлээд, мар мар инээд алдан суугаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
Өнөөх ноён маань өдгөө У.Хүрэлсүхийн орыг хэн залгаж болох тааврыг иргэдээр хэдийн таалгаж эхэлсэн бөгөөд намын генсек Д.Амарбаясгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын нэрийг өгөөш болгон цацав. Гэхдээ энэ бол зүгээр л олныг талцуулах гэсэн башир арга төдийгүй ноёны таалалд нийцэж, зарлигийг ёсоор болгох “хүүгийн” нэр хэдийн тодорсон гэх бор шувуу жиргээд эхэллээ.
Бор шувуу саарал ордон, МАН-ын цагаан ордон хоёрын дунд нисэж буухдаа чухам хэний нэрийг бувтнан бууж суугааг чагнавал, Сангийн сайдын нэр тодхон байна. Тэгэхээр аль ч ноёнд нүүртэй Ч.Хүрэлбаатар “Сү” ноёны таалалд нийцэж, Ерөнхий сайд болохоор яг таг тохирсон гэх.
Ай, Монголын улс төрийн тохироог таамаглан, төсөөлөхийн аргагүй юм даа. Хэн хорчин, хэн чимээгүй, хэн тал засагч, хэн долоогч, хэн найр тавьж, наадмын түрүүг наймаалцаж чадсан нь ноёны бөх болдог хуудуутай улс төр юм даа. Одоо тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан наадмыг хэн найруулна, түүний гарт ямархан сонирхолтой шоу хийх эрх нь байна. МАН-ынхан дундаас Сү.Батболд гэх аварга найруулагч өчигдрөөс эхлээд зассан тайзан дээрээ дэглэлтээ хийгээд эхэллээ. Тэгвэл унасан бөх ууртайн үлгэрээр “Хүүк” ч мөн дархан мэхээ дагуулаад хийх нь тодорхой. Ард иргэд харин энэ бүхний хөлд чирэгдэж, хохирол амсахгүй байх, хаадын зодооныг холоос харах л арга үлдэв.
1 сэтгэгдэлтэй
СҮ далд ор.