Б.Тэрбиш: АТГ-ын ажилтнууд 1 дүгээр ангид бүртгүүлсэн хүүхдүүдийг гэрээр явж нэг бүрчлэн шалгаж байгаа гэсэн нь ташаа мэдээлэл

2022-08-26 889 1

Энэ хичээлийн жилд /2022-2023/ нийслэлийн нэр бүхий ЕБС-иудын 1 дүгээр ангид бүртгүүлсэн хүүхдүүдийн ар гэрээр Авлигтай тэмцэх газрын ажилтнууд явж, нэг бүрчлэн шалгаж байна гэсэн мэдээлэл манай редакцад ирсэн юм. Энэ талаар бид Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийн ахлагч Б.Тэрбишээс тодрууллаа.

-БСШУ-ны сайд энэ хичээлийн жилд ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийг хамран сурах тойргийн дагуу хийнэ гэж байсан. Энэ ажилд АТГ ямар үүрэгтэй оролцож байгаа вэ? 

-Засгийн газрын хуралдаанаас энэ жилийн хичээлийн шинэ жилийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаанд авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх талаар салбарын чиг үүргийн байгууллагуудад үүрэг өгсөн. Энэ ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын дарга нарын хамтарсан зөвлөмжийн төрийн байгууллагын удирдлага, албан хаагч нарт гаргасан. Зөвлөмжид төрийн албан хаагчид 2022-2023 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг шинээр бүртгүүлэх хүүхдээ зохих журмын дагуу хамруулах, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийг  эрхэлж байгаа албаны, албан тушаалын байдал /нэр хүнд/, эрх, нөлөөгөө ашиглаж хамран сургах тойргийн бус төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагч нарт аливаа хэлбэрээр нөлөөлж хамруулахгүй байх гэх мэт үүргийг төрийн албан хаагч нарт үүрэг болгосон. Авлигатай тэмцэх газар чиг үүргийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн элсэлт бүртгэлт хяналт тавих чиглэлээр ажиллаж байгаа.

-АТГ-ын ажилтнууд 1 дүгээр ангид бүртгүүлсэн хүүхдүүдийг гэрээр нь явж нэг бүрчлэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Энэ хэр бодитой вэ, үнэхээр айлуудаар яваад байгаа нь үнэн юм уу, Ямар бүрэлдэхүүнтэй баг айлуудаар явж байгаа вэ?

-АТГ-ын ажилтнууд 1 дүгээр ангид бүртгүүлсэн хүүхдүүдийг гэрээр нь явж нэг бүрчлэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл худал ташаа. Харин бичиг баримтын зөрчилтэй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэдийг цагдаагийн байгууллага шалгах чиг үүрэг авч ажиллаж байгаа.

– Энэхүү хяналт шалгалт нь хэчнээн сургууль, цэцэрлэгт явагдаж байгаа вэ, Хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн ажиллагаанд хяналт тавих ажлын удирдамж” гарсан. Уг удирдамжаар 20 сургууль, 9 цэцэрлэгт ажиллаж байна. Удирдамжийн зорилго нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасны дагуу Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах “110” тусгай дугаарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, Авлигатай тэмцэх газрын шалгаж буй хэрэг зөрчил, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж байгаа асуудлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бүртгэл, элсэлтийн ажиллагаанд хяналт тавих, бүртгэлийн явц, ажиллагаатай танилцах, зөрчил дутагдал, түүний шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгахад чиглэсэн авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх бөгөөд уг ажилд Эрүүгийн цагдаагийн газар, Улсын бүртгэлийн байгууллага хамтран ажиллаж байна.

– Хяналт шалгалтаар хэр зэрэг их зөрчил илэрч байгаа вэ? Зөрчлийг хэрхэн илрүүлж байгаа вэ? 

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Хяналт шалтгалт дуусахгүй байсаар 1-р ангийн сурагчдыг бүртгүүлэх хугацаа дуусаж, зөрчил илэрсэн сурагчид цаашид хаана суралцах вэ? Буруутай этгээдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Боловсролын байгууллага уг асуудлыг чиг үүргийн хүрээнд шийдвэрлэх байх. АТГ уг ажилд зөвхөн хяналт тавих чиг үүрэгтэй ажиллаж байна.

-Баярлалаа.

Холбоотой мэдээ