Хотын соёл иргэн таны үйлдлээс эхлэлтэй

2023-05-10 315 0

Хотын соёл гэхээр хүн бүр дүрэм, эсвэл журам, цаашлада хууль нэхэж эхэлдэг. Гэтэл хотын соёл гэдэг бол олон хүний өмнө та өөрийгөө зөв авч явах дадал хэвшил юм. Монгол Улсын хувьд хотжих соёл эхлээд удаагүй. Дэлхийн зарим улс оронтой харьцуулахад бид хотжих соёлоороо хүүхэд шиг гэж хэлж болно.

Хорьдугаар зууны дунд үеэс л хотын соёлд суралцаж явсаар өнөөдрийг хүрэв. Гэхдээ хотжих соёлыг хуучин нийгмийн үед төлөвшүүлж, зааварлаж, сурталчилж, амьдрах хэв маягт төлөвшүүлж өгчээ.

Харин 1990 оны зах зээлээс хойш хотжих соёлыг ямар нэгэн хэлбэрээр үүрэгдэх замаар сурталчилж өгөөгүйн улмаас өнөөдөр энэ байдал алдагдчихаад байна. Хотын соёлд суралцахгүйгээр саятан хотын иргэн байж чадахгүй гэдгийг бид алхам тутамдаа ухаарах ёстой юм.

Тухайлбал Улаанбаатар хотын гудамжинд хаа сайгүй тааралдах бохирдлын нэг бол “НУС,ЦЭР” юм. Гудамжаар алхаж явахдаа өөдөөс нь хүн ирж байгаа эсэх огт хамаагүйгээр нус цэрээ шууд нулимчихдаг хүн олон. Тэр хүний амнаас гарч буй бохир вирус агаарт тархаж бусдын амьсгалах агаарыг бохирдуулж буй. Үүгээр зогсохгүй хүний гутлын уланд наалдах замаар орчныг бохирдуулдаг. Нус, цэрэнд асар олон төрлийн хорт бодис агуулагдаж байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг юм.

Гудамжаар алхахдаа нус, цэр зэргээ хаяхгүй дадал хэвшилд нэн тэргүүнд иргэн бүр суралцах шаардлагатай байна. Үүнийг хийж чадах аваас та бид хотын соёлд суралцах анхны алхамаа хийж чадлаа л гэсэн үг. Иргэн бүр хотын соёлд өөрийнхөө буруу үйлдлийг засаж суралцах боломжтой.

Холбоотой мэдээ