Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

2023-09-13 289 0

Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилт тавьж, 2023-2024 онд шинээр 10 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд Америкийн Нэгдсэн Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлж, хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурсан болно.
“Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ийнхүү байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр манай улсын иргэд АНУ руу хямд зардлаар тав тухтай зорчих, олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байна.

Холбоотой мэдээ