АМГТГ: “Роснефть” компанид шатахууны нийлүүлэлт зогсоох мэдэгдэл өгөөгүй

2024-03-11 321 1

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус улс энэ гуравдугаар сарын 01-ний өдрөөс шатахууны экспортыг хориглох тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар АМГТГ-аас тодрууллаа.

АМГТГ-ын хэвлэлийн төлөөлөгч П.Мөнхжаргал “ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан тус улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаар тогтоолоор арилжааны автобензиний тэр дундаа биржийн арилжаагаар худалдсан бүх төрлийн автобензинийг 2024 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд экспортонд гаргахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Энэхүү тогтоолын заалтуудаас үзэхэд арилжааны зориулалтаар, тэр дундаа биржээр арилжаалагдаж байгаа автобензиний экспорт хамаарахаар байна.

ОХУ-аас Монгол Улсад экспортолж буй бүх төрлийн автобензин /А-80, АИ-92, 95, 98/-ийг манай шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд болон ОХУ-ын Роснефть компани хооронд байгуулсан урт хугацааны шууд худалдааны гэрээний дагуу Ангарскийн боловсруулах үйлдвэрээс нийлүүлдэг.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Засгийн газраас манай гол ханган нийлүүлэгч Роснефть компанид Монгол Улс руу экспортолж буй бүх төрлийн автобензиний экспортыг зогсоох талаар мэдэгдээгүй бөгөөд манай улсад нийлүүлэх автобензиний үйлдвэрлэл, ачилт, тээвэрлэлт аливаа нэг саадгүй хэвийн явж байгаа мэдээг Роснефть компаниас ирүүлсэн.

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар 01-ний өдөр Сүхбаатар боомтоор ОХУ-аас 56 вагон буюу 3360 тонн АИ-92 автобензин, 48 вагон буюу 2880 тонн дизель түлш импортоор орж ирээд байна” гэж мэдээлэв. 

Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улс 74,8 мянган тонн АИ-92 автобензин импортолсон бөгөөд 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.

Холбоотой мэдээ