Хятадын хүүхдийн уран зохиолын “Өсөхийн урт аянд” цувралын монгол хэл дээрх хэвлэлийн нээлтийн ёслол Театрын музейд боллоо. БНХАУ-ын Өвөрмонголын Ардын хэвлэлийн хорооноос эрхлэн “Өсөхийн урт аянд” цувралаар зохиолч Жао Гүаншиэний хүүхдэд зориулсан зохиолуудыг монгол хэлээр, кирилл бичгээр хэвлэн гаргажээ. Уг цувралд “Ангийн даргын өрсөлдөөн”, “Нэгэн жаахан охиныг Сиа Тиен гэдэг”, “Жаалхүү Жао Жао”, “Богширгын жиргээ” хэмээх дөрвөн номыг хэвлэсэн юм байна. Эдгээр номыг “Хятадыг танин мэдэх” уриан дор болж буй Өвөрмонголын соёлын өдрүүдийн хүрээнд Өвөрмонголын Ардын хэвлэлийн хорооноос Монгол Улсын ерөнхий боловсролын сурагчдад бэлэглэж байгаа аж.
Хүүхдийн цуврал номын нээлтийн ёслолд “Чингис хаан” одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч О.Сундуй, БНХАУ-ын Өвөрмонголын Ардын хэвлэлийн хорооны орлох ерөнхий редактор Шүэ Мин, Өвөрмонголын Ардын хэвэллийн хорооны төлөөлөгч Нарс болон нийслэлийн ерөнхий боловсролын 32-р сургуулийн багш, сурагчдын төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцов.
Өвөрмонголын Ардын хэвлэлийн хорооны төлөөлөгч Нарс Хятадын хүүхдийн уран зохиолын “Өсөхийн урт аянд” цувралын талаар танилцуулсан юм. Бодит амьдралаас сэдэвлэж бүтээсэн цуврал зохиолууд нь амьдралыг байгаа байдлаар нь үзүүлж, хүүхдийн дотоод ертөнцийг дэлгэн харуулсан бөгөөд тэд өсөн торних явцдаа гэнэн цайлганаар орчлон танин мэдэж, чин сэтгэлээсээ хичээж, хүний ач тусыг санаж, ажилч хөдөлмөрч сайн хүн болж хүмүүжсэн түүхийг өгүүлдэг байна.
Тухайлбал, “Богширгын жиргээ” номд айлын том охины тухай өгүүлдэг. Тэрбээр аав нь хот орж ажил эрхлэхээр явсан хойно, аавдаа тусалж, амьдралын төлөө хичээн зүтгэж байгаа тухай өгүүлдэг аж. Хүүхдүүд нийгмийн амьдралыг танин мэдэж, аав, ээждээ хэрхэн тусалж байгааг үзүүлжээ. “Нэгэн жаахан охиныг Сиа Тиен гэдэг” зохиолд мөн л амьдралын нугачааг даван туулж, хичээн зүтгэж байгаа бяцхан охины түүхийг өгүүлсэн байна. Бага ангийн хүүхдүүд ангийн даргын төлөө өрсөлдөж, үүнээс үүдэн олон хөгжилтэй явдал өрнөдөг “Ангийн даргын өрсөлдөөн” ном “Жаалхүү Жао Жао” номтой үйл явдлын хэлхээ холбоотой аж.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Энэ цуврал номуудыг орчуулж, хэвлэхэд маш олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл шингэсэн байна. Зураг чимэглэл гоё юм. Монголчууд адаг баян эд хөрөнгө, дунд баян үр хүүхэд, эрхэм баян ном эрдэм гэж ярьдаг. Ийм эрхэм дээд номын бэлэг, өглөг өгч байгаа Өвөрмонголын Ардын хэвлэлийн хорооныхонд талархал илэрхийлье” гэлээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн нэрт зохиолч О.Сундуй “Өсөхийн урт аянд” цувралын анхны уншигч болжээ. Тэрбээр энэ цувралын тухай сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Монгол хүүхдүүд Шведийн “Дээвэр дээр суудаг Карлсон ба жаалхүү”, Швейцарийн “Хэдди охин”, Японы “Луугийн хүү Таро”, Оросын “Үлмэдэх ба түүний нөхөд” гэх мэт маш сонирхолтой, хөгжилтэй зохиолуудыг эх хэлээрээ уншсан. Түүнтэй нэгэн адил өнөөдөр БНХАУ-ын хүүхдийн уран зохиолын цуврал номын баатруудтай танилцаж байна. Энэ номыг уншсан сэтгэгдлээ хуваалцахад “Жаал хүү Жао Жао” гэхэд нэгдүгээр ангийн хүүхэд. Анх хичээл эхлэхэд ангиа олохгүй будилсан, тэрнээс хойш нэгдүгээр ангиа төгстөл түүнд тохиолдсон явдлыг энд өгүүлсэн. Жао Жао дандаа сайхан зүйлийг сэддэг, найзууддаа тусалдаг. Хүнд туслах дуртай. Тэр сайхан зүйлийг сэдэж яваад санаандгүй алдаа гаргадаг. Тэр алдаа нь хүртэл гэгээн. Тийм сайн хүүгийн тухай гардаг. Дараа нь өнөө хүү маань ангийн дарга болохыг хүсэж, ангийн даргын өрсөлдөөнд ордог. Хүн чанар, сайхан нөхөрлөл, бие биеэ ойлгохын тухай “Ангийн даргын өрсөлдөөн” номд өгүүлнэ. Ангийн даргын өрсөлдөөн нь хүүхдүүдийг нөхөрлөлийн зүгт хөтөлж байгаа тухай сургамжтай сайхан зохиол ажээ..
Хүүхэд гэдэг бол хүнд хүчир цаг үе тулгарахад гэр бүлийнхээ тулгуур, итгэл найдвар болж, гэр бүлдээ аз жаргал, сэтгэлийн тэнхээ авчирдаг юм байна гэдгийг “Богширгын жиргээ” номоос уншлаа. Энэ номуудад дандаа багш, сурагчдын нандин харилцаа гарч байна. Багш хүний сэтгэлийн их тэнхээ, ухааныг, шавь нараа хэрхэн эрдэм номын гэрэлт зүг хөтөлдөг вэ гэдгийг харуулжээ” хэмээн өгүүлсэн юм.
Номын нээлтийн ёслолын төгсгөлд БНХАУ-ын Өвөрмонголын Ардын хэвлэлийн хорооны орлох ерөнхий редактор Шүэ Мин нийслэлийн 32-р сургууль, “үй цай” хятад хэлний сургууль, Монголын хятад хэлний сургууль, Монгол дахь хятад хэлний Монгол-Хятадын найрамдлын сургууль, “Хишиг” хятад сургуулиудын номын санд “Өсөхийн урт аянд” цувралын дөрвөн номыг бэлэглэн, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад номын дээжээс гардуулан өглөө.
0 cэтгэгдэлтэй