Хаврын тариалалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Беларусь Улсаас нийлүүлнэ

2021-02-23 522 0

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Беларусийн Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчиктой цахим уулзалт хийлээ. Уулзалтын үеэр

  • “Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх”,
  • “Монгол Улсад сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах”,
  • “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төсөл,
  • “МАЗ” үйлдвэрийн зам засварын болон зам цэвэрлэгээний 42 машиныг нийлүүлэх”,
  • “Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Монгол Улсын газар тариалангийн салбарын түүхэн хөгжилд Беларусь Улсад үйлдвэрлэсэн МТЗ-80 трактор чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ЗХУ-ын үеэс өнөөг хүртэл манай улсын малчид, тариаланчид МТЗ тракторыг ашиглаж байгаа. “Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд 4,5 сая еврогийн техник, тоног төхөөрөмжийг Беларусь Улсаас Монгол Улсад нийлүүлэх бөгөөд 2021 оны хаврын тариалалт эхлэхээс өмнө техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах хүсэлтэй байгаагаа З.Мэндсайхан сайд илэрхийлэв.

“ОБЕГ-т гал унтраах  машин, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд 14 төрлийн нийт 71 техник нийлүүлэх гэнэ.  Үүнээс, өнгөрсөн 2020 онд 56 техникийг  хүлээн аваад байгаа бөгөөд үлдсэнийг нь ойрын хугацаанд авахаар тохиржээ.

Монгол Улсад сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах” төсөл нь газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт хэрэгжихтэй холбогдуулан төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Беларусийн шинжээчдийн багийг ойрын хугацаанд Монгол Улсад ажиллуулахаар болов.

Холбоотой мэдээ