ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УС НАМГАРХАГ ГАЗРЫН ӨДӨР

2026-02-02 23 0

Жил бүрийн 2 дугаар сарын 2-нд дэлхий нийтээрээ Дэлхийн ус намгархаг газрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, намгархаг газрын ач холбогдол, хамгааллын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулдаг.

Судалгаагаар дэлхийн намгархаг газрын ойролцоогоор 90 хувь нь доройтолд орж, сүүлийн жилүүдэд ой модноос 3 дахин хурдтай алдагдаж байна. Гэвч ус намгархаг газар нь биологийн олон янз байдлын өлгий нутаг байхаас гадна уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, цэнгэг усны нөөцийг хадгалах, үерийн эрсдэлийг бууруулах зэрэг үнэлж баршгүй ач холбогдолтой экосистем юм.

2026 оны уриа: “Намгархаг газар ба уламжлалт мэдлэг: Соёлын өвийг дээдлэх нь”

Энэ жилийн уриа нь дэлхийн олон үндэстэн, орон нутгийн иргэдийн ус намгархаг газартай холбоотой уламжлалт мэдлэг, соёлын зан үйл, амьдралын хэв маяг нь байгаль хамгаалалд ямар чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж байна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн шинжлэх ухаан + үе дамжсан мэдлэг = тогтвортой хамгаалал гэсэн санаа.

Ус намгархаг газар яагаад чухал вэ?

Ус намгархаг газар нь:

  • цэнгэг усны нөөцийг бүрдүүлж,
  • хүнс, тэжээлийн эх үүсвэр болж,
  • үер, гангийн эрсдэлийг бууруулж,
  • газрын доорх усны нөөцийг нөхөн сэргээж,
  • уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодит хувь нэмэр оруулдаг.

Эдгээрийг нэгтгээд “экосистемийн үйлчилгээ” гэж нэрлэдэг ба хүний эрүүл, аюулгүй амьдралтай шууд холбоотой.

Олон улсын хамтын ажиллагаа

Ус намгархаг газрыг хамгаалах зорилготой Рамсарын конвенцид одоогоор 172 улс нэгдэн орж, 250 гаруй сая га талбайг олон улсын ач холбогдол бүхий бүс хэмээн бүртгээд байна.

Монгол Улс уг конвенцид 1998 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 11 ус, намгархаг газар “Рамсарын жагсаалт”-д бүртгэгдээд байна. Энэ нь манай улсын байгаль хамгааллын бодлого олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөний бодит илэрхийлэл юм.

Холбоотой мэдээ