Г.ЗАНДАНШАТАР: С.Амарсайханыг хотын дарга болох үеэс нь дэмжиж, Ерөнхий сайдын хувиар Шадар сайдаар томилж байсан нь бодит үнэн

2026-09-16 22 0
Би баялгийн мафитай тууштай тэмцэж ирсэн.
Үүний улмаас улс төрийн хүчтэй шахалт, эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь улс төрийн шийдвэрийн үр дүнд албан тушаалаа өгсөн.
Хууль зүйн сайд хүн хууль сахиулах салбартаа мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэр дуурайл үзүүлж, улс төрийн явцуу ашиг сонирхлоос салбараа хамгаалах үүрэгтэй.
Ялангуяа хууль сахиулах байгууллагыг улс төрийн өрсөлдөөн, хувийн тооцоо, улс төрийн явцуу ашиг сонирхлын хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. Өнөөдөр өөрийн удирдаж буй салбар руугаа ноцож, хууль дээдлэн ажиллаж буй мянга мянган хууль сахиулагчдын итгэл зүтгэлийг үгүйсгэж буй нь дэндүү увайгүй үйлдэл юм.
Намын нөхөр, журмын анд хэмээн итгэж, танхимынхаа сайдаар томилон хамтран ажиллаж байсан хүн өнөөдөр ийнхүү над руу гүжир гүтгэлэг чиглүүлж байгаад бүр ч их харамсаж байна.
Би С.Амарсайханыг хотын дарга болох үеэс нь эхлэн дэмжиж, улмаар Ерөнхий сайдын хувиар Шадар сайдаар томилж байсан нь бодит үнэн. Гэтэл тэрээр танхимынхаа эсрэг байр суурь баримталж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, санал өгч, манай Засгийн газарт хамтран ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Харин үүнд өс хонзон санаж, ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байгаа нь арга мухардсан хүний үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна. Өнөөдөр үнийн өсөлт, шатахуун гээд иргэдийн амьдрал хүнд, эдийн засагт сорилт их байна.
Ийм үед төрийн бодлого хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгаа хамгаалах, авлига, хулгайтай тэмцэх, хөгжлийн асуудалд төвлөрөх ёстой болохоос албан тушаал, эрх мэдлийн маргаанд автах ёсгүй.
Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй.
Нүүрсчдийн бүлэглэлийн авлига, хулгайн сүлжээ, нам дамнасан хуйвалдаан, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг хөсөрдүүлдэг увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ард иргэдтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлэх болно.

Холбоотой мэдээ