УЛААНБААТАР ХОТЫН УНДНЫ УСНЫ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР ЖИЛД 50 САЯ ШОО МЕТР УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛНЭ

2026-05-26 4 0

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ундны усаар найдвартай хангах стратегийн ач холбогдолтой “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд бүтээн байгуулсан тус үйлдвэр нь нийслэлийн ус хангамжийн шинэ эх үүсвэрийг бүрдүүлж буй томоохон бүтээн байгуулалт юм.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.

УСНЫ НӨӨЦӨӨ ХАМГААЛЖ, ИРЭЭДҮЙН ХЭРЭГЛЭЭГ БАТАЛГААЖУУЛАХ НЬ

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот долоон эх үүсвэрээс жилд 58 сая шоо метр орчим ус олборлон иргэдийн унд, ахуйн хэрэгцээнд нийлүүлж байна. Гэвч хүн амын өсөлт, хотжилт, усны хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ газрын доорх усны нөхөн сэргээгдэх хэмжээтэй холбоотой эрсдэл тулгарч байгаа юм.

2016 оноос эхлэн хийгдсэн судалгаагаар одоо ашиглаж буй усны эх үүсвэрүүдийн нөхөн сэргээгдэх хэмжээ, олборлолтын хэмжээ тэнцэх түвшинд хүрч, цаашид усны нөөцийн тогтвортой байдалд эрсдэл үүсэх магадлалтайг тогтоожээ. Иймд нийслэлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шинэ эх үүсвэр бий болгох нь зайлшгүй шаардлага болсон.

Энэхүү хэрэгцээнд үндэслэн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хамтран Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

461.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ЦОГЦ ХӨТӨЛБӨР

Усны компакт хөтөлбөр нь АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт буюу нийт 461.7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ, бүтээн байгуулалтын цар хүрээгээрээ Монгол Улсын усны салбарын сүүлийн 30 жилийн хамгийн томоохон төслүүдийн нэг юм.

Хөтөлбөр нь дараах гурван үндсэн чиглэлтэй. Үүнд:

  • Улаанбаатар хотын ус хангамжийн баруун шинэ эх үүсвэрийг байгуулах;
  • Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах;
  • Усны салбарын тогтвортой ажиллагаа, үр ашгийг хангах.

Эдгээр төслийг цогцоор нь хэрэгжүүлснээр усны шинэ эх үүсвэр бий болгохоос гадна усыг зохистой ашиглах, дахин боловсруулах, салбарын дэд бүтцийн урт хугацааны тогтвортой ажиллагааг хангах нөхцөл бүрдэх юм.

ЖИЛД 50 САЯ ШОО МЕТР ХҮРТЭЛ УС ОЛБОРЛОХ БОЛОМЖТОЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР

Ус хангамжийн баруун эх үүсвэрийн төсөл нь Биокомбинат, Шувуун фабрик орчимд хэрэгжиж байгаа бөгөөд нийт 30 гүний худаг байгуулж, тоноглож байна. Үүнээс Шувуун фабрик орчимд 16, Биокомбинат орчимд 14 худаг гаргаж, тус бүр нь 70 метрийн гүнтэй байхаар төлөвлөжээ.

Шинэ эх үүсвэр бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 50 сая шоо метр хүртэл ус олборлох боломжтой. Олборлосон усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, хотын ус хангамжийн сүлжээнд нийлүүлэх зориулалттай Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг мөн байгуулсан нь төслийн гол онцлог юм.

Тус үйлдвэр нь Монгол Улсад ундны усыг их хэмжээгээр гүн цэвэршүүлэх зориулалттай цогц байгууламж бөгөөд нийслэлийн ус хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, усны аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

ИРЭХ 30 ЖИЛИЙН УСНЫ ХЭРЭГЦЭЭНД ЧИГЛЭСЭН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Улаанбаатар хотын хүн ам, барилгажилт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлтийг даган усны хэрэглээ цаашид нэмэгдэх төлөвтэй. Ийм нөхцөлд шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулж байгаа нь зөвхөн өнөөгийн хэрэгцээг хангаад зогсохгүй ирэх хэдэн арван жилийн ус хангамжийн найдвартай байдлыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой.

Усны компакт хөтөлбөрийн үр дүнд усны шинэ эх үүсвэр, хаягдал ус дахин боловсруулах дэд бүтэц, салбарын тогтвортой ажиллагааг дэмжих бодлогын арга хэмжээнүүд цогцоор хэрэгжиж, нийслэлийн усны нөөцийг хамгаалах, ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

Ус бол хотын хөгжил, хүн амын амьдралын чанар, эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс. Тиймээс өнөөдрийн энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн нэг үйлдвэр ашиглалтад орж буй үйл явдал бус, Улаанбаатар хотын ирээдүйн усны аюулгүй байдалд чиглэсэн урт хугацааны чухал хөрөнгө оруулалт юм.

Холбоотой мэдээ