Монгол Улсын төрийн эрх барьж байгаа МАН-ын 100 жилийн ой, Хятадын Коммунист нам (ХКН)-ын 100 жилийн ой тохиож байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх “Ардын төрийн түүх бол Ардын намын түүх мөн” хэмээн энэ өдрүүдэд тунхаглалаа. 100 жилийн түүхийнхээ 88 жилд нь төр барьсан намын дарга өнгөрсөн зууны түүхийг “биднийх” хэмээхдээ өнөөдрийн монголчуудыг хэрхэн дүрсэлсэн бэ.
100 жилийн босгон дээр өнгөрсөн зууны түүхийг “манайх” хэмээн бардам өгүүлсэн ч түүний засгийн эрх барьсан өнгөрсөн жилүүдийнх нь ажил төмөр зам тавьсан, утаагүй түлшний үнэ бууруулсан, “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авсан, ахмадын тэтгэврийн зээл тэглэсэн төдийгөөр хязгаарлагдаад өнгөрснийг анзаарсан буй.
Харин Хятадын коммунист намын дарга Ши Жиньпин засгийн эрх барьсан өнгөрсөн найман жилийн хугацаанд засаг захиргааны 832 нэгж, 100 сая хүнээ хэт ядуурлаас гаргаж чадсанаа зарлалаа. Энэ тоо 2030 онд л бодит болох боломжтой хэмээн НҮБ үзэж байсан ч Хятад Улс мөрөөдөл биелдгийг баталлаа гэжээ.
Гэтэл 88 жил МАН-аар удирдуулсан Монгол Улсын гуравхан сая хүн амынх нь гуравны нэг нь буюу сая орчим нь ядуурлын шугамаас доош түвшинд амьдарч байгааг Дэлхийн банкны судалгаанаас эхлээд статистикийн мэдээллүүд баталж байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд зогсолтгүй ярьсан өнөөх дундаж давхрага ор сураггүй. Баян, ядуугийн ялгаа нь банканд байгаа хадгаламжийн 60 гаруй хувь нийт хадгаламж эзэмшигчдийн НЭГ хувьд төвлөрч байна гэсэн дүнгээр хэмжигдсэн хэвээр байна.
Өөр нэг баримт. Ижил түүхийн босгон дээр зогсоо хөршийн Коммунист нам 100 жилийн ойгоо угтаж, авлигын эсрэг тэмцлийн гол зорилт болгон дэвшүүлж, 2019 онд 526 000, 2020 онд 502 000 ХКН-ын гишүүнийг авилгын хэрэгт холбогдуулан шийтгэснээ олон нийтэд мэдээлэв.
Энэ бол хүн бүрт тэгш боломж олгож байгаагийн илэрхийлэл.
МАН-ын хувьд энэ тэмцэл урвуу хамааралтай. ЖДҮХС-ийн цөлмөсөн хууль бус ажиллагаанаас эхлээд 60 тэрбумын схемээр хэмжигдсэн “авлигын эсрэг тэмцэл” 100 жилийн ойн өдрүүдэд Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, хараат бус ажиллах ёстой Авлигатай тэмцэх газрыг Засгийн газрын харьяа байгууллага болгож, төрөөс төрсөн ам.долларын тэрбумтнуудад хуулийн хамгаалалт, төрийн нөмөр нөөлгийг санал болгов.
Нэгэн ижил үзэл баримтлал, чиг шугамтай намууд нэгэн зууны түүхийг хоёр хөрш улсад хэрхэн хоёр өөрөөр бүтээж болдгийг түүхэнд ийн тэмдэглэн үлдээж байна.
0 cэтгэгдэлтэй