Хоршооны хууль хэрэгжсэнээр төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод нягт хамтарна

2021-04-08 1371 1

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулан, гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцээд, нийт 8 бүлэг, 56 зүйлтэй шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, онцлог зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна. Хоршооны тухай хуулийн төсөл нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт бүхий ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг арилгах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд нийцүүлсэн гэдгээрээ олон нийтийн хүлээлт үүсгээд байгаа юм.

Уг хуулийг батлан хэрэгжүүлэх нь ямар ашигтайг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг тодруулан хэллээ. Тэрбээр “Энэ хуулийг 2019 онд Н.Энхболд нарын гурван гишүүн өргөн барьсан. Төсөл санаачлагч төслөө татахгүй гэсэн саналтай байсан учраас эдийн засгийн байнгын хороо төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд надаар ахлуулсан. Ажлын хэсэг зургаан гишүүнтэй ажилласан. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, хоршоодын холбооны төлөөллийг оролцуулсан дэд ажлын хэсэг байгуулагдсан. Өмнөх хуулиар хоршоод өөрийн гэсэн хөрөнгөгүй явж ирсэн. Гишүүдийн оруулсан хөрөнгө тухайн гишүүдийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг учраас хоршоо өөрийн гэсэн хөрөнгөгүй байсан. Хоршоод арилжааны банкуудаас зээл авч чаддаггүй дутагдалтай асуудал бий. Шинэ хуулиар хоршоо өөрийн хөрөнгөтэй байна гэж зохицуулсан. Гишүүдийнхээ оруулсан хөрөнгөөр хоршоо хөрөнгөтэй болоод хоршооны нэр дээр тухайн хөрөнгийг бүртгэж өгдөг болъё. Ингэснээр хоршоо өөрийн нэрээр арилжааны банкуудаас зээл авдаг байх боломжтой болно. Гишүүддээ үйлчилж байгаа хоршооны зуучлалын үйлчилгээнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авдаггүй байх зохицуулалт хуульд орсон. Ноолууртай холбоотой асуудал ч бий. Ченжүүдэд зарчихаар татвар авдаггүй, хоршоо аваад зуучлаад үйлдвэрт борлуулахаар дамжуулан борлуулалт гэж тооцоод НӨАТ авдаг асуудлыг цэгцэлнэ” гэв.

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийн цөмд ч хоршоог бодлогоор дэмжиж, хөдөө аж ахуйн салбараа солонгоруулах тухай бий. Юутай ч энэхүү чиг шугамаас гажилгүй хоршооны асуудлыг ярьж, хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь том дэвшил боллоо. Энэ хүрээнд өмнөх хуульд байгаагүй шинэ зүйл нь хоршооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу одооогийн ХХААХҮЯ-ны бүрэн эрх, нутгийн өөрөө удирдах байгууллага ямар чиглэлээр хоршоог дэмжих вэ, төр иргэний оролцоог уялдуулах эсэхийг хуульд тусгасан нь яалт ч үгүй ахиц байна.

Энэ тухай Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тодорхой хэллээ. Тэрбээр “Хоршооны тухай хуулийн төслийн 44, 45, 46 дугаар зүйлд хоршоодын мэргэжлийн холбоод, нэгдсэн холбоод хэрхэн хамтарч ажиллах вэ, төрийн байгууллагууд яаж хамтрах юм гэдгийг тусгасан. Мөн төрийн байгууллагын зарим чиг үүргийг хоршоодын мэргэжлийн холбоодод шилжүүлэх замаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зохицуулалт бий. Тийм учраас төр хувийн хэвшлийн түншлэлийн тухайд Хоршооны тухай хууль хэрэгжээд эхэлбэл мэргэжлийн холбоод, төрийн байгууллага нягт хамтарч ажиллана гэсэн үг” гэв.

Холбоотой мэдээ