Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцав

2021-05-27 1508 2
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХЭҮК-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж, ХНХ-ын сайдын зөвлөх Д.Ундраа, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, тус газрын Хүүхдийн эрх хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Саранхүү болон бусад албаны хүмүүс “Кристина Нобел”-ийн хүүхдийн сангийн харьяа “Нархан” гэр хотхон, “Альфа Коммунитиз” ТББ-ын “Найдвар” салбар, Донбоско хүүхдийн төв болон “Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв, “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын хэмжээнд 21 байгууллагын 31 халамж, асрамжийн төв, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 120 гаруй НҮТББ байна.
Кристина Нобелийн хүүхдийн сангийн харьяа “Нархан” гэр хотхон халамж, асрамжийн төв нь 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд таваас дээш насны хагас, бүтэн өнчин, хараа хяналтгүй, эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд асрамжийн үйлчилгээ үзүүлдэг бол Герман улсад төвтэй “Альфа Коммунитиз” ТББ-ын “Найдвар” салбар нь амьжиргааны түвшин доогуур өрхийн сургуулиас завсардсан, эцэг эхийн халамжаас гадуур хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой юм байна.
Харин Донбоско төв нь хагас бүтэн өнчин, нэн ядуу өрхийн хүүхдүүд, сургууль завсардсан, хамгаалал шаардлагатай 7-18 насны зөвхөн эрэгтэй хүүхдүүдийг төвдөө авч, асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.
“Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв НҮТББ нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зуслан сувиллын болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг бол “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын төв нь амьжиргааны түвшин доогуур өрхийн СӨБ-ын насны хүүхдүүдэд өдрийн үйлчилгээ үзүүлж, эцэг эхийг нь хөдөлмөр эрхлэх боломжоор ханган ажиллаж байна. Тус уулзалтаар төвийн удирдлагууд хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж байгаа асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ТББ-уудыг мэргэшүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зэрэг хүсэлтүүдээ уламжлав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаашид хүүхдийн халамж, асрамжийн төвүүд болон хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮТББ-уудын үйл ажиллагааг дэмжин, байнгын уялдаатай ажиллах чиглэлийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж болон бусад албаны хүмүүст өглөө.

Холбоотой мэдээ