З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Д.Сумъяабазар: 1.6 сая оршин суугчид суурь дэмжлэг болох хууль батлагдлаа

2021-07-08 1085 4

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай шинэлчилсэн хуулийг 27 жилийн дараа УИХ-аар хэлэлцэн баталлаа.

Гишүүдийн 58.2 хувийн саналаар батлагдсан тус хуулийг дагалдан 19 хууль, тогтоолд нэмэлт өөрчлөлт орж буй. Хуулийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Тэрбээр “УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институтууд, нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд нэгдмэл зохион байгуулалтад орж байж Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийднэ. Үүнийг үе шаттай хэрэгжүүлэх нэг гарц болсон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль өнөөдөр батлагдлаа. Энэ хууль хэрэгжсэнээр нийслэлийн 1.6 сая оршин суугчид нийгмийн суурь дэмжлэг бий болно. Төсөв, татварын шинэчлэлүүд хийгдэхийн зэрэгцээ ажлын байр олноор бий болно” гэлээ.

Нийслэлийн засаг дарга саналын эрхтэй болов

Өмнө нь нийслэлийн асуудал шийдвэр гаргах дээд түвшинд аль нэг яамаар дамжиж ордог байсан. Энэ нь нийслэлийн удирдлага тулгамдаж буй асуудлаа багцалж шийдэх, дуу хоолойгоо хүргэх, бодлогоо танилцуулах, УИХ дээр хэлэлцүүлж, гишүүдийн асуултад хариулж асуудлаа ойлгуулах боломжийг хязгаарлаж байсан юм. Дээд түвшинд нийслэлийн асуудал яаж тулгамдаж байгааг мэдэхгүй нөхцөлд бүх зүйл хэвийн байгаа мэт л ойлгогдоно. Угтаа бүх зүйл хэвийн биш, нөхцөл байдал маш хүнд байгаа.

Дулааны асуудал, газар чөлөөлөлт, газар чөлөөлөлтөд дутагдаж байгаа эх үүсвэр, орон сууцны барилга, дэд бүтцийн инженерийн байгууламж, нийгмийн суурь дэд бүтэц, нийгмийн салбараа дэмжих ажлууд гээд олон асуудал тулгамдаж буй. Тэгвэл одоо энэ бүгдийг шат дараатай шийдэх чадамжийг нийслэлд бий болгож буйгаараа энэ удаагийн хууль маш чухал болж байна.

Энэ нь нөгөө талдаа хотын дарга саналын эрхтэй болсон гэсэн үг. Салбарын яамууд нийслэл хоттой холбоотой асуудлыг Засгийн газар, УИХ-д оруулахдаа заавал хотын даргаас санал авах зохицуулалт оржээ. Мөн хотын дарга асуудлаа өөрөө Засгийн газар, УИХ-д оруулдаг, танилцуулдаг, хэлэлцүүлдэг эрхтэй болсон байна.

Тиймээс ч 1.6 сая иргэнийхээ өмнөөс төсөв санхүүг нэмэгдүүлэх, нийтийн аж ахуйг сайжруулах, нийгэм эдийн засгийг дэмжих, ажлын байрыг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бодитой дэмжлэг болсон эрх зүйн чадамжтай дуу хоолой шийдвэр гаргах түвшинд гардаг болох юм. Өмнө нь энэ бүхэн дутагдаад байсан учраас хот гэдэг их айл үнэхээр хаягдсан байв.Бүх яамны оролцоо байгаа мөртлөө тухайн асуудал нь сэдэвчилсэн байдлаар буюу зөвхөн тухайн яамны хариуцсан асуудлын хүрээнд л хэлэлцэж, шийдэгдээд бусад нь хаягддаг байсан. Одоо үүнийг хотын дарга өөрөө цогцоор нь шийдэх, дэмжлэг авах боломжтой болов.

Газар чөлөөлөлтөд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Нийслэлд газар өмчилдөг, эзэмшдэг иргэдийн газрыг чөлөөлөх эх үүсвэрийг улс, нийслэлийн төсвөөр санхүүжүүлдэг болж буйгаараа энэ удаагийн хууль онцлогтой. Өмнө нь газар чөлөөлөлтөд санхүүгийн ямар ч зохицуулалт байдаггүй байсан учраас нийслэл өөрийнхөө төсвөөс бага багаар зохицуулж ирсэн. Дунджаар жилд 5-10 тэрбум, төсөв мөнгө сайтай жилд 15 тэрбум төгрөгийн эх үүсвэр тавиад явдаг байв. Гэсэн ч энэ нь хүрэлцэхүйц мөнгө биш.

Одоогоор газар чөлөөлөлтөд 620 тэрбум төгрөг, зөвхөн энэ жил гэхэд 60 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа аж. Тиймээс хуулийн хүрээнд энэ бүх эх үүсвэрийг улс, нийслэлийн төсвөөс гаргадаг болсноор газар чөлөөлөлт болоод дахин төлөвлөлт, орон сууцны бүтээн байгуулалт эрчимтэй өрнөнө гэсэн үг. Газар чөлөөлөлтийн мөнгө тухайн газрын эрх бүхий иргэнд очдог. Газраа чөлөөлсөн иргэн мөнгөөрөө орон сууцны урьдчилгаагаа өгөөд, 6 хувийн ипотекийн зээлд хамрагдах боломж нь нээлттэй.

Энэ мэт төвлөрлийг сааруулж, түгжрэлийг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангах, татварын эрхтэй болгох, талцал хуваагдлыг эцэс болгоход энэ удаагийн Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль чухал өөрчлөлт болж буй юм.

Холбоотой мэдээ