Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна

2021-07-09 231 0

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд, хүүхдийн эрхийн улсын байцаагчид болон Нийслэлийн ГБХЗХГ-ын холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 4-7-нд нийслэлийн Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрт амьдардаг болон түр байрлаж байгаа хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж, Засгийн газрын холбогдох шийдвэр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчийн албан даалгаврын дагуу хүүхдийн эрх, аюулгүй байдлыг ханган ажиллах зөвлөмж өгч, зохих шаардлагыг хүргүүлж ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор аймаг сумдын баяр наадам, хурдан морины уралдаан, уул, овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгож, Засгийн газрын “Үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон.

Ийнхүү ямар нэгэн байдлаар хурдан морины уралдаан болон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон юм.

Гэвч уяачид, хурдан морины галууд нууцаар бооцоот уралдаан, үсэргээн зохион байгуулахыг завдсаар байна.

Иймд Засгийн газрын 183 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн байгууллагатай хамтран хяналтын эргүүлийг баяр наадмын амралтын өдрүүдийг дуустал зохион байгуулахаар болсон. Энэ сарын 7-нд нийслэлийн Налайх дүүргийн III хороо Баянбүрд гэх газар 300 орчим хүн цуглаж сунгаа зохион байгуулах гэж байсныг эргүүлийн баг Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүд, Налайх дүүрэг, Төв аймгийн Цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнтэй хамтран таслан зогсоолоо. Тухайн уралдаанд бүртгэлгүй, эцэг эхийн зөвшөөрөлгүй уралдах гэж байсан хүүхдүүдийг бүртгэлжүүлж, хариуцаж явсан уяачдад хариуцлага хүлээлгэлээ.

Мөн энэ хугацаанд Төв аймгийн Сэргэлэн, Нийслэлийн Налайх дүүргийн Налайхын гол, Баянбүрд, Хүй 7 худаг зэрэг газруудаар хяналт тавин ажилласан бөгөөд найман уяачдын галаар орж 25 хурдан морь уралдаанч хүүхдийг бүртгэлжүүллээ.
Зарим уяач уралдаанч хүүхдийг вакцинд хамруулаагүй, бүртгэлжүүлээгүй, эцэг эхээс нь зөвшөөрөл аваагүй гэх мэт зөрчлүүд гарч, тус уяачдад шаардлага тавихад шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэл үзүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргаж байлаа.

Холбоотой мэдээ