“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж” төслийг 4 аймагт хэрэгжүүлнэ

2021-07-28 605 3

Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл”-ийг эхлүүллээ.

Төслийг Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад 2021-2028 оны хооронд Уур амьсгалын мэдээлэлд түшиглэн төв орон нутгийн газар ашиглалт усны нөөцийн төлөвлөлтийг сайжруулах, экосистемд тулгуурласан дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх малчдын чадавхыг бэхжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

Нээлтийн хуралд цахимаар төслийн оролцогч талууд болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн Холбоо, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, Хөгжлийн хамтрагч байгууллагууд, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх нэгж, төсөл хэрэгжих 4 аймаг, сумдын засаг дарга, харьяа газрын төлөөллүүд, нийт 170 орчим хүн оролцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан хурлыг нээж хэлсэн үгэндээ

“Манай улсын газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж судлаачид тогтоосон. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.25°С-ээр нэмэгдэж, жилийн хур тунадасны хэмжээ 8 орчим хувиар буурч, нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд орсон, малын тоо толгой сүүлийн 30 жилд 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн судалгааны дүн байна. Үүнтэй уялдуулан мал аж ахуйн салбарын тогтвортой менежментийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтолцоог бүрдүүлэх замаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, малчдын тогтвортой амьжиргааг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.”

Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэхүү төсөл тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэдгийг онцлоод төслийг санхүүжүүлж байгаа Уур амьсгалын ногоон сан болон хамтран хэрэгжүүлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлсэн юм.

Уур амьсгалын Ногоон сангийн Үндэсний зохицуулагч З.Батжаргал “Энэхүү төсөл нь хөрөнгийн хэмжээ, цар хүрээ, шинэлэг байдал, техник технологийн түвшин зэрэг олон үзүүлэлтээрээ онцлог, өмнөх төслүүд бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэж байсан бол энэ удаад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал голлосон анхны төсөл юм гэдгийг тодотгоод Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран боловсруулж, Уур амьсгалын нэгдсэн санд санал болгон батлуулсан анхны төсөл бөгөөд нэг салбар, нэг яамны эрхлэх асуудлын хүрээнээс хальсан, салбар хоорондын зохицуулалт, төв орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог дээд зэргээр шаардах юм” гэдгийг онцоллоо.

“Энэ төслийг хэрэгжүүлснээр усны нөөцийн менежмент, хөдөө аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөлтөд уур амьсгалын мэдээллийг ашигласнаар тухайн салбарын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, газар тариалан, МАА-н салбарын бүтээмж дээшилж, малчдын зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх боломж нэмэгдэхээс гадна Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд тавьсан зорилтдоо хүрэхэд түлхэц үзүүлнэ гэдгийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Дэд суурин төлөөлөгч Нашида Саттар хэлсэн юм.

Хурлаар төслийн гол зорилго, зорилт, хүрэх үр дүн, үнэлэх, тайлагнах шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, оролцогч талуудын хүлээх үүрэг, хариуцлага, хэрэгжилтийн талаар харилцан санал солилцох замаар талууд нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, талууд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Холбоотой мэдээ