ДАТА ИНФО: “Рио Тинто”-ийн төлсөн татвар 58 хувиар нэмэгджээ

2022-04-13 892 2

“Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто групп” 2021 онд үйл ажиллагаагаа явуулдаг 35 улсдаа нийт 13.3 тэрбум ам.долларын татвар, хураамж төлж, дэлхийн эдийн засагт 66 тэрбум ам.долларын шууд хувь нэмэр оруулжээ.


Дэлхийн уул уурхайн ертөнцийн хоёр дахь аварга гэгддэг тус группийн өнгөрсөн онд төлсөн татвар нь өмнөх жилийнхээс 58 хувиар нэмэгдсэн байна. Ийн нэмэгдэхэд түүхий эдийн ханшийн өсөлт голлон нөлөөлжээ. “Рио Тинто”-ийн орлогын бүтцийг харвал 70 орчим хувийг зөвхөн төмрийн хүдрийн бизнесээс бүрдүүлдэг.

Тус групп Австралид төмрийн хүдрийн 16 уурхай, 4 боомт, терминал, сэргээгдэх эрчим хүчний 3 станц, 1700 км үргэлжлэх төмөр зам, жолоочгүй автомат галт тэрэг ажиллуулдаг.  Мөн Австралид хөнгөн цагааны 10 орчим цэвэршүүлэх, хайлуулах үйлдвэрлэл эрхлэхээс гадна хэд хэдэн давсны болон мөн очир-эрдэнийн уурхайтай бөгөөд эдгээрт нийт ажилтнуудынх нь талаас илүү нь ажилладаг. Австрали улсад 2021 онд 11 тэрбум ам.долларын татвар төлжээ.

Харин “Apple” зэрэг компанийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг, голдуу хөнгөн цагааны үйлдвэрлэл явуулдаг Канад улсад 855 сая ам.долларын татвар хураамж төлсөн байна. “Рио Тинто” групп нь Алкоатай хамтран хэрэгжүүлдэг ELYSIS төслийнхөө хүрээнд нүүрстөрөгч огт ялгаруулдаггүй сайн чанарын цэвэршүүлсэн хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийг Канадын Квебек, Бритиш Колумби мужид ажиллуулдаг. Тус аж үйлдвэрийн парк нь байгальд ээлтэй технологитой бөгөөд усан цахилгаан станцаар эрчим хүчний эх үүсвэрээ шийдсэнээрээ онцлог юм. Мөн Диавикийн очир-эрдэнийн уурхай, титаны давхар исэл, төмрийн хүдрийн уурхайтай.

Үүнээс гадна “Рио Тинто” дэлхийн зэсийн хамгийн том уурхай болох Чилийн Эскондидагийн зэсийн уурхайн 30 хувийг эзэмшдэг. Эскондидагийн дийлэнхийг буюу 57.5 хувийг BHP, үлдсэн 12.5 хувийг Японы JECO консерциум эзэмшдэг. Харин менежментийг нь BHP хариуцдаг байна. Чили дэх үйл ажиллагааны хүрээнд “Рио Тинто” өнгөрсөн онд тус улсад 562 сая ам.долларын татвар, хураамж төлжээ.

Тус группийн зэсийн өөр нэг онцлох төсөл нь Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг “Оюу толгой” төсөл юм. Өнгөрсөн онд “Рио Тинто” Монгол Улсад 544 сая ам.доллар татвар, төлбөр, хураамж төлсөн байна.

 Төлсөн татвар ба борлуулалтад эзлэх хувь


Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын орлогын 6 төгрөг тутмын 1-ийг нь “Рио Тинто”, “Оюу толгой”-н татвараас бүрдүүлжээ.

Манай улс Оюу толгойгоос 2010-2021 онд  нийт 3.3 тэрбум ам.долларын татвар, төлбөр, хураамж төвлөрүүлжээ. Тухайлбал,  2016 онд 215 сая ам.доллар, 2017 онд 228 сая ам.доллар, 2018 онд 308 сая ам.доллар, 2019 онд 305 сая ам.доллар, 2020 онд 277 сая ам.доллар, 2021 онд 544 сая ам.долларыг тус тус хүлээж авсан байна. “Оюу толгой” төслийн зөвхөн өнгөрсөн онд төлсөн татвар нь л гэхэд бүх тэтгэврийн насныхны тэтгэвэр болон бусад тэтгэмжийг төлсөнтэй тэнцэхүйц хэмжээний дүн аж.

Дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулдаг “Рио Тинто” групп нь үйл ажиллагаа явуулдаг улс, орон бүртээ хэдий хэмжээний татвар төлдөг тухайгаа ил тодоор жил бүр тогтмол тайлагнадаг. “Рио Тинто”-ийн татвар төлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй энэ холбоосоор орж танилцана уу.

Холбоотой мэдээ