Усны тухай ярих бүрийд бид хомсдолын тухай л хөнддөгөөс биш усаа хэрхэн хэмнэх, усны нөөц, хүртээмж ямар байгаа, үнэ өртөгийн тухай төдийлэн мэддэггүй билээ. Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдран суудаг Улаанбаатар хотод усан хангамжийн батлагдсан нөөц хоногт 258,939 м3 байдаг бөгөөд үүний 150-170 мянган м3-ыг нь бид хоногт хэрэглэж байдаг аж. Өөрөөр хэлбэл, нэг хоногт хамгийн ихдээ 258 мянган м3 ус хэрэглэх нөөцтэйгээс талаас илүү хувь буюу 70 орчим хувийг нь улаанбаатарчууд унды болон ахуйн усандаа хэрэглэдэг гэсэн үг юм.
Харин усны эх үүсвэр нь ердөө 10-хан цэгт байдгаас 7 нь үндсэн, 3 нь жижиг эх үүсвэрүүд байна. Та бүхэнд хотын орчимд амралт, аялалаар явах үед “Ундны эх үүсвэрийн газар тул орохыг хориглоно” гэсэн тэмдэг тэмдэглэгээ харагдаж байсан уу. Тэгвэл ийм бичигтэй 10 газраас бид усаа татан авдаг байх нь. Харин нийслэлийн хүн амын дийлэнх хувь нь гэр хорооллын айл өрхүүдээс бүрдэж буй бөгөөд хотын хэмжээнд 218 гүний худаг ажиллаж байна. УСУГ-аас жил ирэх бүрт худгуудийг заавал хүний оролцоотой биш ухаалаг байдлаар шийдэж байгааг онцолмоор. Ингэснээр иргэд картаа уншуулаад хоногийн 24 цагийн аль ч үед усаа авдаг болсон нь дэвшил юм.
Харин одоо усны хэрэглээний талаар хэдэн тоо баримт хэлье. 2016 оны байдлаар Улаанбаатарын 966 мянган хүн ам хоногт 143,500 м3 ус хэрэглэдэг байсан бол 2021 онд хүн амын тоо 1.1 сая болж өссөнөөр усны хэрэглээ 149,900 м3 болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ хэвээр явсаар бид 2030 онтой золговол, хүн амын тоо багадаа дахин нэг саяар нэмэгдэж, улмаар 1.2 сая болж, усны хэрэглээ даруй 165.700 м3 болно гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа гарчээ. Хэдийгээр энэ нь хоногт нэрлэсэн нөөцөд хүрэхгүй ч гэлээ нэг дор төвлөрөх хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр хотыг усаар хангах тоо ч даган өссөөр, өнөө бидний байнга яриад буй усны хомсдол нүүрлэх аюултай тулгарах нь гарцаагүй юм.
Тэгвэл эндээс хэн хамгийн их ус хэрэглэж байна вэ гэсэн асуулт ургах бол нөгөө талдаа тэнд л усаа ариглан хэмнэх ёстой гэсэн хариулт гарч ирэх юм. УСУГ-ын судалгаагаар, орон сууцанд амьдардаг нэг хүний усны хоногийн хэрэглээ 120 литр байдаг бол гэр хороололд амьдардаг хүний хоногийн хэрэглээний ус дунджаар 8-10 литр байгааг тогтоосон байна. Энэ бол маш харьцангуй тоо юм шүү. Өөрөөр хэлбэл, орон сууцанд амьдардаг иргэн гэр хороололд амьдардаг иргэнээс даруй 12 дахин их ус хэрэглэдэг гэсэн үг юм. Тиймээс гоожуураас урсах усны дусал бүрийг орон сууцны айлынханд хэрхэн үнэ цэнэтэй болохыг нь ойлгуулж, тийш чиглэсэн сургалт явуулах нь зүйтэй. Бидний багад усны үнэ цэн, түүний хомсдолын тухай төдийлэн ярьдаггүй байж. Тиймдээ ч крантны усаа гоожуулангаа шүдээ угаадаг байсан нь эргээд бодоход харамсал төрүүлэм.
Нөгөөтэйгүүр, манай улс усны эргэлт, дахин ашиглалтын талаар шинэ дэвшилтэт техник, технологи хараахан нэвтрүүлээгүй байна. Борооны усыг дахин ашиглах, нөөцлөх, саарал усыг үйлдвэрийн эргэлтэд оруулах тухай одооноос л ярьж эхэлж буй. Тиймээс алтнаас ч үнэтэй чандмань эрдэнэ болсон усаа ариглан хэмнэж, шүдээ угаахдаа, ерөөс алхам тутамдаа усыг байдаг л нөөц, шавхдагдашгүй, дуусашгүй ундарга гэсэн бодлоор хандахгүй байхыг онцгойлон анхааруулья.
Алтнаас ч үнэтэй гээд л ам ангайх бүртээ хэлдэг усаа бид ер нь хэдээр үнэлдэг вэ? гэсэн бодол төрж, УСУГ-ын албан ёсны сайтад зочилж үзлээ. Үнэ тариф хийгээд зохицуулалт, дүрэм, журам гээд олон хэрэгтэй мэдээлэл байх юм. Эндээс хамгийн сонирхол татсан болон хүн бүрийн асуудаг хэрнээ мэддэггүй үнэ тарифийг сонгон авч, дата инфогоор хүргэхийг хичээв.
/Доорх дата өгөгдөлд усыг хэрхэн үнэлж, ямар үйлчилгээ үзүүлдэг нь тодорхой харагдана./
Эцэст нь хэлэхэд, ус үгүй бол хүн төрөлхтөн мөхнө гэдгийг хүн бүр дор бүрнээ ухамсарлаж, хэрэглэж байгаа усандаа хайртай, ариг гамтай хандаж байхыг манай редакцийн зүгээс уриалж байна.
1 сэтгэгдэлтэй
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good. https://www.binance.com/en/register?ref=PORL8W0Z