ЭТТ: ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААНД ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ӨНДӨР БОРЛУУЛАЛТ ХИЙВ

2023-04-03 344 0

2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулав. Онцгой дэглэм тогтоосноос хойш 5 сарын хугацаанд 13.0 сая тонн нүүрс борлуулж 1,260,6 сая ам.долларын борлуулалт хийв. Энэ үзүүлэлт компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд 755.6 сая ам.доллар бэлнээр, 208 сая ам.доллар оффтейк, 296.9 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулсан байна.

Онцгой дэглэм тогтоож нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллароор давуулан биелүүлэв. Өмнө нь 2019 онд 1.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан бол 2022 онд түүхэндээ хамгийн их 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийж түүхэн дээд амжилт тогтоожээ.

Мөн нүүрсээ биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-г 6.5 сая тн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч 13.5 сая тн нүүрс экспортлон баталсан төсвөөс 7 сая тонноор илүү экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүллээ.

2023 оны төсөвт “Эрдэнэс тавантолгой” ХК-г 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцсон ч оны эхнээс 3 дугаар сарыг дуустал 7.5 сая тонн нүүрс борлуулан жилийн эцсээр 24-30 сая тонн нүүрс борлуулах төлөвтэй байна.

“Эрдэнэс тавантолгой” ХК нь Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж нийт 416.000 тонн нүүрс борлууллаа. Үүнээс коксжих нүүрсний 5 удаагийн арилжааг явуулж 224.000 тн нүүрс арилжаав. Уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам.доллароор борлуулж эхэллээ. Түүнчлэн, 3 дугаар сарын 24, 31 өдрүүдэд 2 удаагийн арилжаагаар нийт 192.000 тонн эрчим хүчний нүүрсийг биржээр амжилттай арилжлаа.

Эрчим хүчний нүүрсийг урд нь 2020 онд тонн тутмыг ам нөхцөлтэй 9.5 ам.доллароор арилжиж байсныг одоо хил нөхцөлөөр, биржээр 70.3-73.3 ам доллароор худалдан борлууллаа.

Мөн 2023 оны гуравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК 100 сая дах тонн нүүрсээ олборлож Уул уурхайн салбарын болон компанийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал тохиов.

Холбоотой мэдээ